Эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийг үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-19 17:14:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” чиглэлээр 2021 оноос 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэх 2 дахь шатны төслийн санамж бичгийг өнөөдөр баталгаажууллаа.

Тус төсөлд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар гарын үсэг зурав.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн төгсөлтийн дараах сургалт, орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор анх 2012 онд ЭМЯ-наас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагад бүс нутгийн эрүүл мэндийг сайжруулах, чадавхыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавьсанаар “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чадавхыг сайжруулах төсөл”-ийг 2015 оны 5 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаанд хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Уг төсөл 2020 оны 12 дугаар сард дуусгавар болох тул төслийг цаашид үргэлжлүүлэх, цар хүрээг өргөжүүлэхээр дараагийн шатны шинэ төслийг “Монгол Улсын эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” чиглэлээр хэрэгжүүлэх хүсэлтийг ЭМЯ-наас гаргасныг Япон Улсын Засгийн газраас дэмжиж, одоогийн төслийн 2 дугаар үе шат болгон хэрэгжүүлэхээр болж байна.

2021-2025 онд  4 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх шинэ төсөл нь Монгол Улсын эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулах арга барилыг орон даяар өргөжиж нэвтрүүлэхэд чиглэх юм. Мөн эмчийн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулж, “Ерөнхий мэргэшил судлал” сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох тогтолцоог бүрдүүлэн улсын  хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулж, “Шинэ сувилагч” жишиг сургалтын хөтөлбөрийг шинээр нэвтрүүлэх, эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын хяналтыг сайжруулж, 3-5 жил тутамд үнэлэх, боловсронгуй болгох, бэхжүүлэх тогтолцоо бүрдүүлэх аж.


Холбоотой мэдээ