Архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх шийдвэр гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-22 21:14:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны А/170 тоот захирамжаар зургадугаар сарын 23-25-ны өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглолоо.

Зургадугаар сарын 24-нд орон даяар УИХ-ын сонгуулийн санал хураалт болох ба энэ хугацаанд нийтийн хэв журмыг сахих, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан аж.

Энэ өдрүүдэд архи согтууруулах, ундаа худалдах түүгээр үйлчлэх, соёл урлаг, үзвэр спорт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм.

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт явуулахтай холбогдуулан аймгийн Цагдаагийн газар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ биeлүүлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ