Царцаатай тэмцэх ажлыг 20.0 мянган га газарт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-23 14:26:04

Ховд /МОНЦАМЭ/. Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулагч царцаатай тэмцэх ажлыг Ховд аймгийн хэмжээнд 20.0 мянган га газарт хийхээр төлөвлөж, 70.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан.  

Үүнтэй холбогдуулан Ургамал хамгааллын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шавж судлалын секторын эрхлэгч, доктор Х.Батнаран, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын малын бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цогт-Эрдэнэ нар 7 хоногийн хугацаанд тодотгох судалгааны ажил хийжээ.

Тодруулбал, царцааны гаралт, тархалтын тандалт судалгааг Мөст, Мөнххайрхан, Манхан, Цэцэг, Зэрэг, Алтай, Үенч, Булган сумын нутагт хийсэн байна.

Уг судалгааны үр дүн, сумдаас ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн “Царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулах тухай” аймгийн Засаг даргын 2020 оны А/321 тоот захирамжид тусгасны дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналт, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран сумдад царцаатай тэмцэх ажил хийж эхэллээ.  

Өөрөөр хэлбэл, Мөнххайрхан, Мөст, Зэрэг, Дуут сум тус бүрт 3500 га-д, Цэцэг, Манхан суманд 3000 га талбайд царцаатай тэмцэх ажил хийж байна. 

Холбоотой мэдээ