Эрдэнэдалай сумынхан Ломборинчен уулаа тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-11 11:50:15

Билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 8-9-ны өдөр Эрдэнэдалай сумын ард иргэд Өлзийсүмбэрэл Ломборинчэн овоогоо тахидаг уламжлалтай. Энэ жил энэ билэгт өдөр нь тавдугаар сарын 14- 15- нд тохиож байгаа бөгөөд энэ өдөр мөн Сангийн далай Дамбадаржаалин хийддээ сүсэгтэн олныхоо жилийн заслыг хийж, Лхам сахиусаа тахих ажээ.

Зуны эхэн сардаа тэнгэр хангай, байгаль дэлхийгээ аргадаж, сүсэгтэн олныхоо энх тунх амьдралын төлөө зохион байгуулдаг шашны энэ зан үйлд зөвхөн нутаг орондоо аж төрж буй сүсэгтэн олон төдийгүй эх орныхоо өнцөг буланд ажиллаж амьдарч буй нутгийн уугуул иргэдээ урьжээ.

Эрдэнэдалай сумын тахилгат Ломборинчэн уул нь хуучнаар Түшээт хан аймгийн Говь-түшээ гүний хошууны гол тахилгат уулуудын нэг юм. Энэ уулын сан тахилгын судрыг 100 гаруй жилийн өмнө XIII Далай лам Түвдэнжамц, Түвдийн Ло сэмба ринбүчи, Сангийн далайн хийдийн лам Хэцүү цорж гэж алдаршсан Лувсандаржаа нар зохиож, уулыг Ломборинчэн хэмээн нэрлэсэн түүхтэй.  Төвд хэлнээс хөрвүүлбэл энэ нь Түшмэл эрдэнэ хэмээх утгатай ажээ.

Угтаал Сангийндалай Дамбадаржаалин хийд нь 1853 онд түшмэл тоть Галдаа Цэрэндаш, лам Хайдав нар VIII Богд Жавзүндамбад айлтгаснаар эх суурийг тавьж, байгуулсан гэдэг.

Тахилгын ёслолд Эрдэнэдалай сумаас төрсөн шашны зүтгэлтэн, лам хуврагууд хүрэлцэн ирэх юм байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ