Москва хотод Ялалтын парад боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-24 15:16:36

МОСКВА. /TASS/. Аугаа эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулсан цэргийн парад Москва хотын Улаан талбайд боллоо. 

Преображенскийн хорооны хүндэт харуулын батальоны цэргүүд ОХУ-ын төрийн далбаа болон Ялалтын тугийг барин Улаан талбайд орж ирсэн байна. Ялалтын тугийг 1945 оны 5 дугаар сард Идрицкийн 150 дугаар буудлагын дивизийн дайчид Рейхстагийн орой дээр мандуулж байсан юм.   

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ахмад зүтгэлтнүүд, хүндэт зочид талбайн төв индэр дээр байрлажээ. Энэ жилийн ялалтын баярт зориулсан арга хэмжээнд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, Молдавын Төрийн тэргүүн Игорь Додон, Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Өмнөд Осетийн Ерөнхийлөгч Анатолий Бибилов, Абхазын Ерөнхийлөгч Аслан Бжания нар хүрэлцэн ирсэн байна. 

Парадыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүлээн авч, Оросын зэвсэгт хүчний хуурай замын цэргийн ерөнхий командлагч Олег Салюков парадыг удирдав.

Энэ жил Ялалтын парадад 14 мянга орчим цэргийн албан хаагч 200 гаруй нэгж түүхэн болон орчин үеийн зэвсэг, цэргийн техник хэрэгсэл, 75 агаарын хөлөг оролцож байна. 

Холбоотой мэдээ