АНУ-ын зарим муж улс дотоодын зорчигчийг тусгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-25 12:43:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк, Нью-Жерси  зэрэг муж улсын захирагчид халдвар их тархсан мужаас ирсэн зорчигчийг 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэжээ. 


Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа ээлжит хурлын үеэр мэдээллээ. Тэрбээр, “АНУ-д 34 300 гаруй шинэ тохиолдол, 784  нас баралт бүртгэгдэж дэлхийн хэмжээнд халдварын тоогоор тэргүүлж байна. Нийт халдвартай хүний тоо 2 сая 336 мянга гаруй болжээ. АНУ-д 100 мянган хүнд ноогдох халдвар 10-аас дээш бүртгэгдэж байгаа тохиолдолд халдварын тархалт өндөр хэмээн үзэх аж. Аризона, Флорида, Техас, Невада муж улсын хүн амын дунд халдвар идэвхтэй тархаж байна” хэмээв.

ХБНГУ-д шинээр 587 халдварын тохиолдол бүртгэгдэж, 19 хүн энджээ. Тус улсад мах боловсруулах үйлдвэрийн голомтоос нийт 1550 гаруй хүн коронавирусээр халдварлажээ. Нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүрээр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүж, олон нийтийн газарт 1.5 метр зай барих дэглэмийг Герман улсад үргэлжлүүлэн мөрдөж байна.

БНСУ-ын Бусаны боомтод ОХУ-ын хөлөг онгоцны ажилтнуудаас халдварын нэг тохиолдол нэмэгдэн, нийт 17 ажилтан коронавирусээр халдварлажээ.

Мөн түүнчлэн, БНХАУ-ын Бээжин хотын Шинфати хүнсний захаас голомтлон тархсан халдвараар  269 хүн өвчилж, энэ хугацаанд Бээжин хотын 2.4 сая хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулжээ. 

 

И.Даваадорж 

Холбоотой мэдээ