Орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлыг сумын иргэдээр гүйцэтгүүлж байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-29 12:44:08

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхээр төсөвт тусгасан ажлыг сумын иргэдээр гүйцэтгүүлж байна. Энэ жил нийтдээ 80,0 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр 17 ажил гүйцэтгэхээр төлөвлөн хэрэгжүүлж эхэлжээ.

            - Манай сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг сумын иргэдээр гүйцэтгүүлэх бодлого баримталж байна. Гэрэлтүүлэг тавих, зам талбай тохижуулах, мэдээллийн самбар байгуулах зэрэг ажил хийж гүйцэтгэж байгаа. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаснаар өрхийн орлого нэмэгдэж байгаагийн дээр хийж бүтээсэн ажлын чанар, баталгааг иргэд харж, дүгнэж байгаа нь давуу талтай байдаг. Нөгөө талаар иргэд өөрсдөө бүтээн байгуулсан ажил үйлсээрээ бахархах, хамгаалах сэтгэл, хандлага илүү төрж байгаа нь сайшаалтай байна гэж сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярилаа.

Сумын иргэд эзэмшсэн мэргэжил, ажлын дадлага туршлагаараа бүл болж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг гүйцэтгэх болжээ. Энэ жил хот хоорондын замын үйлчилгээний төвийн гэрэлтүүлгийг “Эрчим бүл”, нийтийн эзэмшилийн гудамж талбайг камертай болгох ажлыг Г.Батаа ахлагчтай “Цахим” бүл, явган хүний зам тавих ажлыг Д.Энх-Амгалан ахлагчтай “Бид чадна” бүл, ахмадын өргөөний дээврийн засварыг Ш.Дуламрагчаа, айл өрхийн хаягжуулалтыг Л.Соронзонболд, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг Г.Мөнхцоож нарын иргэд хийж гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ