УИХ-ын анхдугаар чуулганыг 12.00 цагт зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-30 11:05:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн парламентын анхдугаар чуулганыг өнөөдөр 12.00 цагт эхлүүлэхээр зарлан товложээ.


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогдож өчигдөр үнэмлэхээ гардан авсан 76 гишүүн анхныхаа хуралдааныг явуулна. Анхдугаар чуулганаар, хуульд заасны дагуу УИХ-ын шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын дарга, дэд даргаа сонгохын зэрэгцээ Байнгын болон дэд хорооны бүрэлдэхүүнийг баталж, дарга нарыг сонгоно. Мөн нам, эвслийн бүлэг байгуулах тухай мэдээллийг сонсохоос гадна Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн баталж, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүний дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөнө. 


УИХ-ын тухай хуульд заасны дагуу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно. Ингэхдээ, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.


Анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай УИХ-ын гишүүн нь даргалж, шинэ гишүүд тангаргаа өргөснөөр өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах юм. Шинэ парламентын хамгийн өндөр настай гишүүн болох Х.Баделхан анхдугаар чуулганыг удирдах юм байна. Тэрбээр 66 настай.


Сонгуулийн ерөнхий хороо найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийн дүн мэдээг өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгчид өргөн барьсан юм. Ерөнхийлөгчийн зарлигт, “Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт товлон зарласугай” гэжээ.

Холбоотой мэдээ