Дэрэн, Дэлгэрцогт сумын нутгаар хур тунадас ахиу оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-11 22:36:58

Дундговь аймгийн ихэнх сумын нутгаар өнөөдөр хур тунадастай байна. Ялангуяа хойд талын Дэлгэрцогт, Дэрэн сумын нутгаар ахиу хур тунадас унажээ. Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэхээр аймгийн УЦУОШ- ний газрын “Мандал бороо” экспидиц ажилласан байна.

Энэ тухайд тус газрын дарга Я. Мажаасүрэнгээс тодруулахад, “Өчигдөр орой 22 цагаас эхлэн өнөөдөр өдөр хүртэл нийт 5 удаа үүлэнд нөлөөлж, 11 пуужин харвасан. Борооны араас нойтон цас орж, агаарын температур одоогоор сэрүүсээд байна. Энэ сарын 15- ныг хүртэл сэрүүсч, 16- наас эхлэн дулаарах төлөвтэй байна” гэлээ.

Өнөө өглөөнөөс эхэлсэн хур тунадасны хэмжээ орой 21 цагийн байдлаар хамгийн ихдээ Дэрэн, Дэлгэрцогт сумын нутгаар 9.7- 12 мм байгаа бол Адаацаг, Цагаандэлгэр сум Мандалговь хотод 5 мм, Говь- Угтаал сумын нутгаар 4.0, Луус, Гурвансайхан, Эрдэнэдалай сумын нутгаар 1.0- 2.0, Дэлгэрхангай, Хулд, Сайхан- Овоо суманд 0.1- 0.7 мм хур тунадас оржээ. Харин Өлзийт, Өндөршил сумын  нутгаар ороогүй байна.

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажлыг 5, 6 дугаар сард голлон хийхээр УЦУОШГ төлөвлөсөн бөгөөд энэ сарын 22-23-ны өдөр хур тунадасны үүл дахин бүрдэх төлөвтэй байгаа ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ