1001 сурагч 10 хичээлээр ЭЕШ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-03 16:12:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг аймгийн хэмжээнд 1001 сурагч 10 хичээлээр өгч байна.

Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс баталсан шалгалтын байр болох Арвайхээр сумын 1 дүгээр сургууль, Мэргэд сургуулийн хичээлийн байранд зохион байгуулж байгаа ба аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар,  Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын алба, “ЭБЦТС” ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын 100 гаруй албан хаагч  аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.

Дэлхий даяар тархсан халдварт цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөлд ЭЕШ-ыг авч байгаа учир халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг мөрдөж, нэг ангид 12-оос дээшгүй шалгуулагчийг 1.5 - 2 метрийн зайтай суулган амны хаалт, нэг удаагийн бээлий олгож, шалгалтын байранд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна.

Өнөөдрийн байдлаар хуваарийн дагуу Монголын түүх, англи хэл, хими, газарзүй, нийгмийн тухай мэдлэг хичээлээр шалгалт авч, дүн оноог шууд засалтын технологи ашиглан цахимаар эцэг эхчүүд, шалгуулагчид нээлттэй хүргэжээ.

Энэ жилийн их, дээд сургуулиудад элсүүлэн хуваарилах үйл ажиллагааг онлайнаар 2020 оны 07 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд явуулах учраас элсэгчид заавал аймгийн төвд ирж хуваарь сонгохгүй, интернэт орчинтой хаанаас ч оролцож болох юм.

Холбоотой мэдээ