Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-05 00:54:26

Дорнод /МОНЦАМЭ/. Эмнэлгийн бүсэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв” барихаар болжээ. Дорнод аймаг 4300 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй.

Тэдний 600 нь 0-16 хүртэлх насны хүүхэд. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 20 хувь нь хөдөлгөөний, 12 хувь уналт таталттай, мэдрэлийн эмгэгтэй гэсэн судалгаа бий. Тиймээс Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийг улсын хэмжээнд зургаан аймагт барьж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсний нэг нь Дорнод аймаг юм. Шинээр барих энэхүү төвийг Хэрлэн сумын 7 дугаар багт буюу эмнэлгийн бүсэд барьж байгуулна.

Сэргээн засах төв ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сэргээн засах эмчилгээ, усан, хөдөлгөөн, иллэг заслын үйлчилгээг хүргэх боломж бүрдэнэ. Тухайлбал, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болж буй шалтгааныг бууруулах, олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэн бүрт тохирсон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүргэж, эрүүлжүүлэх цогц үйлчилгээг үзүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн амьдралд бие даан оролцох боломж нээгдэнэ гэж төслийн баг үзэж байна.

Холбоотой мэдээ