Б.Болдбаатар 1040 км замыг 34 хоногт туулахаар замдаа гарлаа

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-07-07 12:16:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хөнгөн атлетикийн түүхэнд бахархалтай, өвөрмөц, шинэ хуудсыг нээхээр Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт туулахаар долоодугаар сарын 05-нд гүйлтийн их замдаа гарлаа.


Тэрээр Говь-Алтай аймаг үүсэн байгуулсны 80 жилийн ой, Монгол Улсад Прокурорын байгууллага үүсгэн байгуулсны 90, аймгийн Прокурорын байгууллагын 80 жилийн ойд зориулж, тамирчин хүний тэсвэр тэвчээр, хатуужил, хүч хөдөлмөр гарган энэхүү гүйлтийг санаачилсан байна. Хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер Буриадын Болдбаатарын түүхэн гүйлтийн дасгалжуулагчаар Спортын мастер, түүний төрсөн дүү Б.Батбаатар, эмчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч Л.Гантөмөр, тогоочоор Ч.Цолмон, жолоочоор Сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэргийн тамирчин О.Алташагай нар ажиллаж буй.

Дэлхий нийтэд тархаад буй “COVID-19 цар тахлын эсрэг хамтдаа”, “Хүчирхийллийн эсрэг хайр түгээе” уриан дор энэхүү гүйлтээ хийж байгаа нь дэлхий нийтийг эрүүл энхийн төлөө өөрөө өөрийгөө ялан дийлэхийг уриалсан, үлгэрлэсэн, уужуу сэтгэлт монгол хүний ухааны цараа, сэтгэлийн хатыг харуулсан түүхэн үйл явдал болж байгаад Алтай нутгийн ард иргэд бахархаж үдэн гаргаж өглөө.

Сонирхуулахад, Б.Болдбаатар 54 настай харин түүний аав Буриад нь өдгөө 88 насыг зооглож буй Говь-Алтай аймгийн ахмад тамирчдын нэг юм. Алтайнхан гүйдэг Буриад хэмээн ажил үйлсээр нь овоглон нэрлэдэг бөгөөд тэрээр тус аймгийн хөнгөн атлетикийн анхны Спортын мастер ажээ. Тэрээр хүүгээ түүхэн гүйлтийн замд гарахад гэр бүл, үр хүүхэд болон орон нутгийн удирдлагууд, хамт олон, найз нөхөд, Алтай нутгийн зон олны итгэлийн сүүгээр дээж өргөн, их үйлсийнх нь замыг ерөөл өргөн үдэн гаргасан юм.