Үндэсний дээд лиг II тойргийн тоглолт өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-07-07 17:11:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны “Үндэсний дээд лиг 2020”-ийн эхний тойрог амжилттай өндөрлөж байна. II тойрог өнөөдөр 19 цагаас “Андууд Сити”-”Атлетик 220” багууд халз тоглолтоор эхэлнэ.


Лигийн шинэ улирлыг нээж “СП Фалконс”-“Дэрэн” өрсөлдөхөд “Фалконс”-ын залуу тоглогч М.Төгөлдөрийн ганц гоол оруулснаар ялагч баг тодорсон.


Харин “Улаанбаатар”-“Атлетик 220” багууд 2:2-оор тэнцэж эвийн гэрээ байгуулав. “Улаанбаатар”-ын Б.Балжинням 53 дахь минутад гоол оруулсан ч “Атлетик 220”-ын Н.Наранболд 59 , А.Тэмүүжин 73 дахь минутад хариуг нь барьж тэргүүлж эхэлсэн. Тоглолтын цаг дуусах мөчид буюу 90+8 минутад О.Баяржаргал торгуулийн цохилтоор тоог тэнцүүлж орхисон.



“Андууд Сити”-г “Хангарьд”-ын залуус 0:2-оор хожиход хоёр Эрдэнэ гоолоор нэмэрлэж, 85 дахь минутад Т.Энх-Эрдэнэ, түүнээс 4 минутын дараа Ц.Мөнх-Эрдэнэ “Андууд Сити”-гийн хаалганд гоол хийсэн юм. Лигийн олон удаагийн аварга “Хаан хүнс-Эрчим” залуухан баг “Сумидо-Жипро”-г 0:13-аар бут ниргэлээ. Энэ гоолуудыг 11 өөр тоглогч оруулсан бөгөөд Ц.Түмэнжаргал, С.Цэрэндорж нар тус бүр 2 гоол хийжээ.


Тойргийн төгсгөлд “Улаанбаатар сити” лигийн шинэ цэрэг “Улаанбаатарын мазаалайнууд”-ыг хүлээн авч Д.Тэмүүлэн, Г.Гантогтох, Х.Есөн-Эрдэнэ нар гоол оруулж 3:0-ээр хожив.

Холбоотой мэдээ