ЭЕШ-д амжилт үзүүлсэн сурагчдад шагнал гардуулав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-07-09 15:23:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д давхардсан тоогоор 10 судлагдахуунаар 44 мянга 633 суралцагч шалгалт өгсөн. Үүнээс 800 оноо авсан 126 төгсөгч байгаагаас 99.98 хувиас дээш гүйцэтгэлтэй амжилт үзүүлсэн 17 сурагч, хоёр хичээлд 800 оноо авсан долоон хүүхэд байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар өнөөдөр ЭЕШ-д амжилт үзүүлсэн 17 сурагч, тэднийг амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангаж зааж сургасан багш нарт  шагнал гардууллаа.     

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “Энэ хичээлийн жил их онцлогтой боллоо. “COVID-19” цар тахлын үед дэлхий дахины боловсрол, сургалтын системд өөрчлөлт орж байна. Одоогийн сурагч, хүүхэд залуусын хувьд дэлхийн боловсролыг цахимаар эзэмших боломж бүрдэж байна. Үеийнхнээ манлайлж буй сурагч та бүхэн маань эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Өөрсдийн хүссэн их, дээд сургуульдаа элсэн орж амжилттай суралцахыг хүсэн ерөөе” гэсэн юм.


Мөн сурагчдыг ЭЕШ-д амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангаж, зааж сургасан нийт 14 багшид талархал гардуулав. Энэ үеэр 38 дугаар сургуулийн монгол хэлний багш Д.Алтанцэцэг “Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцсон нийт сурагчид болон зааж, сургасан багш нартаа баяр хүргэж, амжилт хүсэж байна” хэмээлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 99.98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн сурагчид:

Монгол хэл

38 дугаар сургуулийн сурагч Л.Ундрах

Математик

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Э.Мөнхтүшиг

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Н.Мөнх-Эрдэнэ

11 дүгээр сургуулийн сурагч А.Алтансүх

1 дүгээр сургуулийн сурагч Д.Чингүүн

1 дүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд

Нийгэм судлал

“Улаанбаатар эмпати” сургуулийн сурагч А.Анужин

14 дүгээр сургуулийн сурагч Б.Анужин

Логарифм бүрэн дунд сургуулийн сурагч Г.Энхмаа

Биологи

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Б.Чинтулга

Хими

“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч Г.Ану-Үжин

Физик

11 дүгээр сургуулийн сурагч Г.Баяртулга

11 дүгээр сургуулийн сурагч Г.Ичинноров

Англи хэл

“Дойче шуле” сургуулийн сурагч А.Итгэл

“Хобби” сургуулийн сурагч Т.Анужин

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Э.Чингүүн

“И Эс Эм” олон улсын дунд сургуулийн сурагч М.Саруулбуян


Холбоотой мэдээ