Бид гэр бүлээрээ бүжиглэх дуртай
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг өнөөдрөөс эхлэн монгол орныхоо өнцөг булан бүрд суугаа жирийн иргэдийнхээ энгийн атлаа онцгой түүхүүдийг сонсож, дамжуулахын тулд “Монгол хэмнэл” буланг нээж байна. Нийслэлийн гудамжаас эхлээд алс хязгаарт айргаа шимж буй малчны хотонд хүртэл хүн бүрийн амьдрал өөр өөрийн өнгө гэрэл, өвөрмөц аялгуутай. Тэдний дуу хоолойг илүү ойроос сонсъё. Энэ бол монгол хүний амьдралын түрлэг, хүсэл мөрөөдлийн өнгө, бид бүгдийн танил боловч дахин олж нээх ёстой хүмүүстэй уулзах тавцан байх болно.
"Монгол хэмнэл" булангийн маань анхны зочин бүжиг дэглээч, бүжигчин М.Мөнгөнцэцэг байлаа.
"Би 43 дахь жилдээ монгол бүжгийн урлагт сурч боловсорч, түүгээр хүмүүжиж, улмаар сурснаа бусдад уламжлуулж яваа хүний нэг.
Практикаас харахад монгол бүжиг нэгдүгээрт, байгалийн үзэгдлийг илэрхийлсэн байдлаараа онцлог. Байгалийн тогтоц, уул хад, овоо тахилга, ус ундарга, тэнгэр газартайгаа холбоотой байдаг. Хоёрдугаарт, ан амьтан, мал аж ахуйтайгаа холбогддог. Тухайлбал, баавгайн, тэхийн, янзаганы, тэмээний, бас таван хошуу малтай холбоотой биелгээ болон бүжгүүд их байдаг. Гуравдугаарт, нүүдэлчин монголчуудын ахуй байдалтай холбоотой. Дөрөвдүгээрт, үлгэр, домгийн, шашны үзэгдэл ойлголтуудтай холбоотой. Чухам эдгээрээс л монгол бүжгийн бусдаас ондооших ялгаа харагддаг. Нэг талаасаа содон сонин, нөгөө талаас нэн өвөрмөц.
Бид гэр бүлээрээ бүжиглэх дуртай. Хоёр зээ маань ч бүжиглэдэг. Бүжиг бол миний ч, манай гэр бүлийн ч амьдралын аз жаргал".
Улаанбаатар