УИХ-ын анхдугаар чуулган хаалаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-09 19:29:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдөр хаалаа. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.


УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн парламентын анхдугаар чуулган хуулийн хугацаандаа өндөрлөж хэлэлцэх асуудлаа бүрэн шийдвэрлэснийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглээд, цаашид энэ зарчмаар чуулганы ажил үргэлжилнэ хэмээн тэмдэглэлээ.



Тэрбээр, "Анхдугаар чуулганы эхэнд таван чиглэлээр ажлын баг байгуулж ажиллахаа мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-аас эдийн засгаа тогтворжуулах реформ хийж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ дэмжих, УИХ-ын Ёс зүйн дэд хороог байнгын хороо болгох, хянан шалгах дэд хороог байгуулах, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлэх зэргээр ажлын баг байгуулж ойрын хугацаанд ажлаа эхлүүлнэ. Анхдугаар чуулган завсарласан ч ээлжит бус чуулганыг удахгүй зарлан хуралдуулна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батална, төсвийн тодотголоо хийнэ, УИХ-аас батлах хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг батлан гаргана. УИХ-ын чуулганы завсарлагааны үед УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсож цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлно. УИХ-д гурван Байнгын хороо нэмэгдлээ. Ингэснээр төсөв зардал УИХ-ын Тамгын газарт нэмэгдэхгүй, харин ч ёс зүй  сахилга хариуцлагыг сайжруулж, үйлдвэржилтийг дэмжиж, цахим засаглалын эрх зүйн орчныг бүрдүүлснээр төсөв эдийн засагт эрс шинэчлэлт хэмнэлт хийгдэнэ гэдэгт итгэж байна" хэмээв.


"Энэ жил байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой тохиож байна. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Энэ түүхт ойнуудыг угтаж Монголын парламент 100 чухал зорилт дэвшүүлж, нийгмээ эрүүлжүүлэх, төрөө цэгцлэх, хуулийн хувьсгал хийх шинэчлэл өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага-УИХ шинэ, саруул ирээдүйг төлөвшүүлэх, Монгол эх орон, ард түмний язгуур эрх ашигт нийцсэн нэн чухал шийдвэрүүдийг хугацаа алдалгүй батлан хэрэгжүүлэх эрхэм үйлсийн манлайлагч байх ёстой гэж үзэж байна" хэмээн УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцоллоо. 


Түүнчлэн парламент бол Монгол төрийн нүүр царай. Бидний үйл ажиллагаа түмний нүдэн дээр ил байдаг. Тиймээс хариуцлага, ёс зүйгээ эрхэмлэж, хэдхэн хоногийн өмнө төр, түмэндээ өргөсөн тангаргаа ёсчлон биелүүлж, үнэнч шударга, сахилга хариуцлагатай, ажил хэрэгч байдлыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох нь нэн чухал юм. Ингэж байж бид төрд итгэх иргэдийнхээ итгэлийг сэргээнэ. Улстөржилт, талцал хуваагдал, ёс зүйгүй байдал, хэрүүл маргаан, зөрчил тэмцэл, хууль зөрчих үзэгдэл энэ удаагийн парламентад байж таарахгүй гэдгийг онцлон дурдлаа.

Холбоотой мэдээ