Хязаалан насны 221 үрээ бүртгүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-10 08:24:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг эхлүүлэх хязаалангийн уралдаанд шандас сорихоор 221 үрээ одоогоор бүртгүүлээд байна.


Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч зам шавар ихтэй болсон тул унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс уралдааныг түр хойшлуулахаар боллоо. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Салбар хорооны гишүүд уралдааны замын нөхцөл байдлыг шалгаж байна.


Ноднин буюу Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр, наадмын Хязаалан насны морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Ажнай галын гишүүн Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, торгон жолоо өргүүлсэн юм.  


Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд үрээ хурдалжээ. Айргийн гуравт, Баянхонгор аймгийн  Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын "Зурвас"цавьдар, айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр  үрээ хурдалж байв. 

Холбоотой мэдээ