Хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаа боодлоос коронавирусний халдвар илэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-07-11 12:58:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д Эквадор улсаас импорлосон хөлдөөсөн бүтээгдэхүүний хайрцагаас шинэ төрлийн коронавирус илэрсэн талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.


Мөн тэрбээр, “Сам хорхойд нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, харин баглаа боодолоос шинэ төрлийн коронавирус илэрсэн. Иймээс БНХАУ-ын Гаалийн газар хүйтэн хэлхээнд байдаг хүнсний бүтээгдэхүүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийхээр шийдвэрлэсэн байна. Мөн тус улс гадаадын 23 мах үйлдвэрлэлийн компаний импортыг түтгэлзүүлж, 3 сарын 12-оос хойш орж ирсэн сам хорхойг эргүүлэн татаж, устгалд оруулах болсон” хэмээв.  

 

Шинэ төрлийн коронавирусний халдвар АНУ, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк улсад өндөр тархалттай байна. АНУ-д  59 мянга 200  шинэ тохиолдол бүртгэгдэж, 799 хүн нас барсан. Ийн нийт халдвар авсан хүн тоо тус улсад 3 сая 106 мянга гаруй  болж, 132 мянга 800 гаруй хүн нас баржээ.

 

БНЭУ-д 26 мянга 500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 793 мянга 800 гаруй болжээ. Тус улсын нийт халдварын 60 гаруй хувь нь Шинэ Дэли, Мухарашда, Тамилмаж мужийн иргэд байна. Хүн ам олноор суурьшсан үйлдвэрлэлийн бүсэд баасан гарагаас эхлэн дахин хөл хорио тогтоожээ.

 

БНСУ-д 35 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд гаднаас зөөвөрлөн ирсэн тохиолдол буурахгүй байна. Иймээс эрсдэл өндөртэй улсаас ирэх зорчигчдод нуклейн хүчлийн шинжилгээ хийж, хариу үл харгалзан 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэжээ. Тус улсад  хоёр долоо хоногт бүртгэгдсэн коронавирусний 736 тохиолдлын 38.2 хувь нь гадаад орноос зөөвөрлөгдсөн байна. Үүний дийлэнхийг Пакистан,  Казакстан, Бангладеш улсын иргэд эзлэж байгаа аж.

 

БНХАУ-ын их газар коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд хоёр тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд 38 шинэ тохиолдол бүртгэгдсэний 32 тохиолдол нь хүн амын дундах тохиолдол байна. Сүүлийн гурван өдөр дараалан халдвар нэмэгдэж байгаа тул Хонконгийн  бүх сургуулийн үйл ажиллагааг даваа гарагаас эхлэн хааж байна.

И.Даваадорж

Холбоотой мэдээ