“Ерөнхийлөгчийн илгээлт” тэтгэлэгт хөтөлбөрөөр Францад суралцах гурав дахь ээлжийн залууст сурлагын амжилт хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2025-09-19 19:20:58
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-наас “Ерөнхийлөгчийн илгээлт” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан тус улсыг зорьж буй залуусыг өнөөдөр хүлээн авч уулзжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тус хөтөлбөр нь эх орныхоо өнцөг булан бүрээс сурлагын амжилтаараа тэргүүлсэн сурагчдад гадаадын их дээд сургуульд шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах боломжийг олгодог бөгөөд 2023 онд тус хөтөлбөр нь Франц Улсаар хүрээгээ тэлсэн юм.


Францыг зорих гурав дахь ээлжийн залуус Улаанбаатар дахь Аллианс франсэз төвд есөн сарын хугацаанд  франц хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж, Лэ Ман, Лэ Авр, Лимож, Тулуз, Нант, Бэзансон, Грэнобл, Тионвил хотуудад технологийн чиглэлийн их сургуулиудад дэвшин суралцахад бэлэн болжээ.


Монгол Улс дахь Франц Улсын ЭСЯ-наас маш богино хугацаанд франц хэлийг В1/В2 түвшин хүртэл эзэмшиж чадсан суралцагчдад баяр хүргэж, эрдмийн аянд нь амжилт хүсэв.

Холбоотой мэдээ