Халдварын тохиолдол 13-аар нэмэгдэж 243 боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-14 11:41:32
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 13-нд 168 хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусний халдвар илэрсэн бол суурь өвчтэй 1 хүн эдгэрч өнөөдрөөс дараагийн хяналтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.


Тодруулбал энэ сарын 12-нд Афганистан улсаас ирсэн 10 энхийг сахиулагчаас эхний шинжилгээгээр болон ажиглах байранд тусгаарлагдаж байсан 3 хүнээс гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрчээ. Харин чихрийн шижин өвчтэй 52 настай эмэгтэйг ХӨСҮТ-ийн эмч нар 46 хоног эмчилж эдгээсэн байна. 


Өчигдөр хоёр лабораторид хийсэн шинжилгээнд энэ сарын 2-нд АНУ-аас ирсэн 25 иргэн, 12-нд Афганистанаас ирсэн 62 энхийг сахиулагч, ажиглах байранд тусгаарлагдсан 54 иргэн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 14 жолооч, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 2, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалтын зорилгоор авсан 1 хүний шинжилгээ багтжээ.


Ингэснээр манай улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдлын тоо 243. Үүнээс 204 хүн эдгэрч, 39 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.


Дэлхий дахинд эдгэрэлт 53 хувь байгаа бол манай улсад 83 хувьтай байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцлоод энэ амжилтыг бататгахад иргэн бүрийн оролцоо чухал болохыг тэмдэглэв. 

Холбоотой мэдээ