"Боршоо боомт"-оор орох хөдөлгөөнийг хязгаарлах санал хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-16 15:11:05

Увс /МОНЦАМЭ/. Увс аймагт энэ сарын 13-ны өдрөөс хойш хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас томоохон голууд үерлэж, автозам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Өнөөдрийн байдлаар Увс аймгийн Улаангом сумын Гашууны гол, Түргэн, Хархираа голууд үерлэж үерийн түвшин 10-43 см ихэссэн байна. Үер буусны улмаас Улаангом-Хандгайт чиглэлийн хоёр гүүр сэтэрч, автозам хагарч тээврийн хэрэгсэл, ОХУ-аас ирэх ачаа тээвэр зорчих боломжгүй онцгой нөхцөл байдал үүсжээ. Мөн тус зам хаагдсаны улмаас аялж, амарч байсан 500 гаруй иргэд Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрт усанд боогдсон байдалтай байна. Үүнээс гадна Улаангом сумын урд чиглэлийн Гашууны гол үерлэж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байсныг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч 4000 гаруй тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ.

Үерт боогдсон сумдаас жирэмсэн болон хүнд өвчтэй иргэдийг татаж авна

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Увс аймгийн Онцгой комисс энэ сарын 15-ны өглөө хуралдаж, доорх шийдвэрүүдийг гаргажээ.

Тухайлбал үерийн улмаас эвдэрсэн гүүрнүүдийн гэмтлийг тогтоох, хохирлын тооцох, яаралтай засаж сэлбэх арга хэмжээг авах, зам хаасан чиглэлийн буюу Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумдаас татаж авах жирэмсэн болон хүнд өвчтэй иргэдийн судалгааг гаргах, шаардлагатай тохиолдолд Улсын Онцгой комисст санал хүргүүлж нисдэг тэргээр татаж авах ажлыг зохион байгуулах, үерийн улмаас эвдэрсэн зам гүүрний хохирлын хэмжээг тооцох, энэ үеэр ажилласан зардлын тооцоог гаргаж танилцуулж шийдвэрлүүлэх, Улаангом сумын үерийн ус зайлуулах суваг шуудууны тооцоо судалгааг гаргах шийдвэрүүдийг гаргажээ. Мөн Увс аймгийн “Боршоо боомт”-оор орох хөдөлгөөнийг түр хязгаарлах саналыг Улсын Онцгой комисс, Монгол Улсын Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх. Эвдэрсэн гүүрийг засварлах хугацаанд тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх түр гарам гаргах. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх. Аялал зугаалгаар явж байгаа иргэдэд үерийн ус татартал хөдөлгөөн үйлдэхгүй, аюулгүй байдлаа хангах талаар ухуулга сурталчилгаа хийж байна. Тэрчлэн үер, усны болон болзошгүй байгаль цаг уурын аюулт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж сум, албан газар аж ахуйн нэгж байгууллагуудыг ажлын тусгай горимоор ажиллуулж, эргүүл, жижүүр томилж ажиллах зэрэг шийдвэрийг тус тус гаргасан тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

 

Холбоотой мэдээ