Үерийн улмаас усанд боогдсон иргэдийг татан авч байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-07-16 20:20:29

Увс /МОНЦАМЭ/. Үерийн улмаас Түргэн суманд усанд боогдож гацсан 100 гаруй иргэдийг татан авах ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэхүү ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0245-р ангийн алба хаагчид хамтран шуурхай гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн хувьд усны түвшин харьцангуй багассан аж. Гэхдээ суудлын автомашин Түргэний голоор гарах боломжгүй хэвээр байгааг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Түргэн суманд жирэмсэн эх төрөхдөө хүндэрсэн тул аймгийн төвөөс эмч нарын баг явсан байгаа. Одоогийн байдлаар суудлын автомашинуудыг Хилийн цэргийн тэвштэй автомашинд ачиж гол гаргаж байна. Харин жийп, портер зэрэг том оврын тээврийн хэрэгслийг чирч голоор гаргаж байна. Мөн Түргэний голд боогдсон иргэдийг татан авахаас гадна Сагилын голын гүүрний хажуугаар шинэ гарам гаргаж Бөхмөрөн, Сагил, Давст суманд аялж зугаалж, амарч явсан иргэдийг аймгийн төв рүү оруулах ажил хийгдэж байгаа талаар Онцгой байдлын газраас нэмж дуулгалаа. Ташрамд Увс аймагт гурван өдөр дараалан орсон борооны улмаас Улаангом-Хандгайт чиглэлийн замд Түргэн гол үерлэж зам сэтрэн, хоёр гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болоод байгаа юм.  

Холбоотой мэдээ