ЖДҮ-ийн зээлийн төсөл шалгаруулах эхний шат дуусав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-17 11:24:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮХС-гаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл авах нийт 1579 төслийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт тус сангийн цахим системд бүртгэгджээ. Ингэснээр ЖДҮ-ийн зээлийн шалгуур хангасан эсэх болон хавсралт материалын иж бүрдлийг шалгах ажил хийгдэж дууссан талаар ХХААХҮЯ мэдээллээ. 

ЖДҮХС-гаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 20 хүртэл нийслэлд цахим системээр дамжуулан, орон нутагт цаасан хэлбэрээр хүлээн авсан юм. 

Санд цахимаар 769 ААН хүсэлтээ ирүүлснээс холбогдох журмын дагуу зээлийн шалгуур хангаагүй 293 ААН, материалын бүрдлийн шалгуур хангаагүй 131 аж ахуйн нэгжийн төсөл дараагийн шатанд тэнцээгүй байна. Харин зээлийн болон иж бүрдлийн шалгуур хангаж дараагийн шат буюу урьдчилсан судалгааны шатанд 99 тэрбум төгрөгийн зээл хүссэн 345 ААН тэнцжээ.


Өнгөрсөн онд зээлийн хүсэлт, баталсан төсвийн харьцаа 10 дахин их байсан бол энэ оны зээлийн хүсэлтийн хэмжээ баталсан төсвийн хэмжээнээс 4.7 дахин их байна.

Хүсэлт ирүүлсэн ААН https://smefund.gov.mn/  холбоосоор нэвтэрч бүртгэгдсэн утасны дугаар болон тусгайлан олгосон зээлийн өргөдлийн дугаар SME кодоор нэвтэрч тэнцээгүй төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Холбоотой мэдээ