ОХУ-д дөрвөн вакциныг аюулгүй болохыг баталжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-07-22 20:13:52

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний дөрвөн вакциныг аюулгүй болохыг баталж, өөр хоёр вакцины туршилтын сүүлийн үе шат үргэлжилж байна гэж тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин Төрийн думд өнөөдөр мэдээлжээ.


“Өнөөдрийн байдлаар дөрвөн вакцин аюулгүй болох нь батлагдсан” гэж ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар /Роспотребнадзор/ мэдээлсэн бөгөөд өөр хоёр вакцины эмнэлзүйн туршилт сүүлийн үе шатандаа оржээ. Мөн дахин хоёр байгууллага вакцины туршилтаа эхлүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.


Улсын хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Холбооны анагаах ухаан-биологийн агентлаг, Роспотребнадзор зэрэг шинжлэх ухаан, судалгааны 17 хүрээлэн вакцин гарган авахаар ажиллаж буйг Ерөнхий сайд онцлоод, тэдгээр байгууллагад 26 гаруй төрлийн вакцин бүтээж байна гэж хэлжээ. Түүний мэдээлснээр, Оросын эрүүл мэндийн тогтолцоо цар тахал дэгдсэн энэ үед аливаа сорилтод бэлэн гэдгээ батлан харуулжээ.


БНХАУ-ын эрх баригчид төв нутгийн Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин дэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ 2019 оны 12 дугаар сарын сүүлээр мэдээлсэн юм. Түүнээс хойш “COVID-19” хэмээн нэрлэсэн шинэ коронавирусний халдвар дэлхийн өнцөг булан бүрт бүртгэгдээд байна.


ДЭМБ 2020 оны гуравдугаар сарын 11-нд коронавирусний тархалт цар тахлын хэмжээнд хүрснийг олон нийтэд мэдээлсэн юм. Сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 14874200 гаруй хүн халдвар авснаас 8929200 хүн эдгэрсэн бол 613 мянга гаруй хүн нас барсан байна. ОХУ-ын хувьд, халдварын 783328 тохиолдол бүртгэгдэж, 562384 хүн эдгэрч, 12580 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ