Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж эхлэхийг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-25 18:25:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байна.

Ажлын хэсэгт ЗГХЭГ, ХХААХҮЯ, Сангийн яам, ОБЕГ, ЦУОША-ы удирдлага, мэргэжилтнүүд яваа ба хангайн бүсийн аймгуудын Засаг дарга нартай уулзалт хийж, өвөлжилтийн бэлтгэл ажил, анхаарах асуудлыг ярилцлаа. Энэ үеэр Шадар сайд хэлэхдээ: -“Сүүлийн гурван жилийн байдлаар хангайн бүсийн аймгуудад тохиолдсон 40 удаагийн үер болон усны ослоор 68 хүн амь насаа алдсан бөгөөд энэ оны зургаа, долоодугаар саруудад их хэмжээний хур бороо орсон. Амралт, аялал зугаалга, иргэдийн хөдөлгөөн ихэссэнээс Булган аймагт гурав, Өвөрхангай аймагт хоёр, Хөвсгөл аймагт 10 хүн усны ослоор, Архангай аймагт таван хүн зам тээврийн ослоор амь насаа алдаад байна.

Ховд аймгийн Цэцэг сум, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт зургаа, долоодугаар саруудад байгалийн голомтот гоц халдварт тарваган тахал өвчнөөр гурван хүн өвчилж, нэг хүн нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Архангай аймгийн дөрөв, Баянхонгор аймгийн 11, Завхан аймгийн 11, Өвөрхангай аймгийн дөрөв, Хөвсгөл аймгийн гурван сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд иргэдийн амралт, зугаалга нэмэгдсэн энэ үед тарваган тахал өвчин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэх нь зүйтэй” гэв.

Түүнчлэн зуншлагын байдал нийт нутгаар тааруу байгааг уулзалтаар онцоллоо. Өвөрхангай аймгийн урд талын сумдад газрын гарц муу байгаа юм. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг ажил хэрэг болгоход аймаг, орон нутгийн удирдлагын хүчин чармайлт ихээхэн чухал болохыг Шадар сайд санууллаа.

 

Холбоотой мэдээ