Эрүүл мэндийн салбарт 21.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-28 20:53:10

Хэнтий/МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарт сүүлийн дөрвөн  жилийн хугацаанд 21.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. 

Улсын болон орон нутгийн төсөв, олон улсын зээл тусламжаар хийгдсэн тус хөрөнгө оруулалтаар барилга бүтээн байгуулалтын ажлууд нэлээд өрнөсөн байна.Тухайлбал, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд стандартын шаардлага хангасан орчин бүрдүүлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад оруулжээ, Мөн зургаан барилгын өргөтгөл, 17 барилгын их засварыг хийсэн байна. 2020 онд Сүрьеэгийн шинэ эмнэлгийн барилга, Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилга, Батширээт, Дархан сумын эрүүл мэндийн төвүүдийн өргөтгөл ашиглалтад оржээ.

Түүнчлэн Баян-Овоо, Баянхутаг, Жаргалтхаан, Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төвүүдийн барилгын их засврын ажил хийгдэж байгааг удирдлагууд нь дуулгалаа. Энэ нь өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад шинээр баригдсан болон засвар хийгдсэн барилгын тоо гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Хэнтий аймгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр 30 эрүүл мэндийн байгууллага, 21 хувийн хэвшлийн үүдэн эмнэлэг, таван сувилал, 29 хувийн эмийн сан, 21 эмийн эргэлтийн сан ажиллаж байна.

Холбоотой мэдээ