Т. Хэрлэн: Энэ жил нийслэлийн өрхүүд сайжруулсан түлшээр хомстохгүй

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-29 16:57:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, дулааны станцуудын засварын ажлын явцын талаар Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээс тодрууллаа. 

-Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц хэдэн хувьтай байна?

-Инженерийн хангамжийн газруудаас өнөөдөр авсан гүйцэтгэлийн явцын мэдээллээр өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтай байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.3 хувиар өссөн үзүүлэлт.  Дулааны II, III, IV цахилгаан станц, Амгалан дулааны цахилгаан станцын өвлийн бэлтгэл ажил 60 хувьтай байна. Жил бүрийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад инженерийн шугам сүлжээ, тохижилт, хөрөнгө оруулалтын уялдаа холбоог хангасан нэгдсэн том төлөвлөгөөг батлуулдаг. Энэ жил 1358 ажил өрнүүлж байна.

-Шугам сүлжээний хэдэн төсөл төлөвлөсөн бэ?

-Дулааны шугам сүлжээний 22, Орон сууцны удирдах газар 14  төсөл төлөвлөсөн.

-Дулааны цахилгаан станцууд болон дулаан, цахилгаан дамжуулах сүлжээний засварын ажил хэдэн хувьтай байна вэ?

-Улаанбаатар дулааны шугам сүлжээ нь 65 хувь, цахилгаан түгээх 51 хувь, цахилгаан дамжуулах сүлжээ 60 хувь, мэдээлэл холбооны сүлжээ 80 хувь, орон сууцны удирдах газар 52 хувьтай байна.

-Засварын ажил хэзээ дуусах вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар 10 дугаар сарын 1-ний дотор бүрэн дуусах ёстой. Есдүгээр сарын 15-нд оршин суугчдын, 10 дугаар сарын 1-нд аж ахуй нэгж, албан байгууллагуудын халаалтыг өгнө.

Ташрамд хэлэхэд, Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон. Тиймээс нам даралтын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаан болон хийнд холбож байгаа.

-Улаанбаатар хотын түлшний нөөц бэлтгэл хэдэн хувь байна вэ?

-Түлш бэлтгэл, нөөцлөлт 70 хувьтай байна. Сайжруулсан түлшний 600 мянган тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш II” үйлдвэрийг Налайх дүүрэгт байгуулж байгаа. Үйлдвэрийн эхний дамжлага дуусаж, туршилт тохируулгыг хийж байна. 

Энэ жил нийслэлийн өрхүүд сайжруулсан түлшний хомстолд орохгүй. Бид сайжруулсан түлшний хэрэгцээг бүрэн хангана. 24 цагаар үйлдвэрлэл явж, үйлдвэрлэсэн нүүрсээ борлуулалтын цэг рүү татах, агуулахад хадгалах ажлыг хийж байна.   

С.Туул

Холбоотой мэдээ