“Perseverance” хөлгийн нислэг хэвийн үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-31 10:04:05

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах Үндэсний төв /НАСА/-ийн мэргэжилтнүүд Ангараг гарагийг судлах “Perseverance” хөлгөөс дамжуулсан түүний телеметрийн өгөгдлүүдийг хүлээн авч чадсан байна. Энэ тухай пүрэв гарагт НАСА-гийн цахим хуудсанд мэдээлжээ.  


Уг сансрын аппаратын систем хэвийн ажиллаж байгаа бөгөөд Ангараг гарагийн зүг нислэгээ үргэлжлүүлж байгаа тухай мэдээлэлд дурдсан байна. Мэргэжилтнүүд хүлээн авсан телеметрийн өгөгдлүүдээ 30-60 минутын дотор боловсруулж дуусах аж.


Нислэгийн удирдагч Мэтт Уоллес-ийн ярьснаар, хөлгөөс ирж буй дохиолол хэт хүчтэй байсныг мэргэжилтнүүд анзаарч, зохих тохируулгыг хийсэн байна. Ийм тохиолдол 2011 онд Ангарагийг судлах “Curiosity” хөлгийг хөөргөх явцад гарч байсныг НАСА-гийн захирал Жим Брайденстайн өмнө нь дурдаж байсан юм. Мэргэжилтнүүд ачаалалгүй тогтвортой дохиолол хүлээн авахын тулд хүлээн авагчийн тохиргоог өөрчилж, антенныг бага зэрэг хажуу тийш нь хөдөлгөжээ.  


Өчигдөр буюу пүрэв гарагт Москвагийн цагаар 14:50 цагт Флорида муж улсын Канавералийн хошуун дахь сансрын хөлгийн буудлаас “Atlas V” пуужин тээгчээр “Perseverance” хөлгийг хөөргөсөн юм. Тооцоолсны дагуу уг хөлөг 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Ангараг гараг дээрх Йезеро гэдэг тогоон дотор бууж, тунамал чулуулгууд дахь бичил организмуудын ул мөрийг хайх ажлыг гүйцэтгэнэ. 1025 кг жинтэй, 6 дугуйтай уг аппарат нь плутонийн давхар ислээр ажилладаг радиоизотоп цөмийн цахилгаан үүсгүүр ба литий-ионы зай хураагууртай юм.


Мөн Ingenuity гэдэг нисдэг тэргийг уг хөлөгт бэхэлсэн бөгөөд судалгааны туршид нисдэг тэрэг нь гадаргуугаас 10 м-ийн өндөрт 5 удаа нислэг үйлдэх юм. Түүнээс гадна, Франц, Испани, Норвегийн эрдэмтдийн зохион бүтээсэн судалгааны тоног төхөөрөмжүүдийг хөлөг дотор байрлуулжээ. Түүнчлэн хөлөг доторх зайнаас удирддаг, 2,1 м урттай манипуляторын тусламжтайгаар хөрсний 40 дээж авах бөгөөд 2031 онд өөр аппаратыг Ангараг руу илгээн дээжүүдийг Дэлхийд авчрахаар төлөвлөж байгаа аж.    

Холбоотой мэдээ