Малын халдварт өвчин гараагүй бүс нутаг хэвээр байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-08-03 17:38:29

Завхан /МОНЦАМЭ/. Завханы ХХААГ-ын дэргэдэх Мал эмнэлгийн лабораторийн ариун цэвэр магадлан шинжилгээний тасагт өнөөдрийн байдлаар 11 дээж, материал ирж шинжилгээ хийжээ.

Үүнээс нийт 300 литр сүү, 315 кг маханд холбогдох стандарт арга зүйн дагуу шинжилгээг хийж хариуг лабораторийн эрхлэгчээр баталгаажуулан холбогдох аж, ахуйн нэгж иргэнд хүргүүлжээ. Шинжилгээгээр эрсдэлтэй хариу гараагүй байна. Мөн мал эмнэлгийн лабораторийн төлөвлөгөөт ажлын хүрээнд Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй сумын мал сүрэгт хээлтэгч малын бруцеллёз өвчний шинжилгээнд нийт 800 хонийг хамруулжээ. Түүнчлэн 720 ямаа, 320 үнээ, адууны халдварт цус багадах, адууны нийлүүлгийн өвчин, цусны паразитын дээжид 100 адуунаас цус авч түрхэц бэлтгэн, бүртгэл хөтлөн, ийлдсийг нь ялган шинжилгээ хийхэд бэлэн болсон аж. Адууны ям, үхрийн сүрьеэ өвчний харшил сорилыг 100 үхэр, 100 адуунд хийж үр дүнг нь хүргүүлээд байгаа. Өнөөдрийн байдлаар Завхан аймагт малын халдварт өвчин гараагүй бүс нутаг хэвээр буй тухай аймгийн ХХААГ-аас тус тус мэдээлэв. 

Мал эрүүлжүүлэх угаалгын ажил хийгдэж байна

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд мал угаалгын ажил 70 гаруй хувьтай хийгдэж байна.

Харин тарилга туулга, вакцинжуулалтын ажил 80 гаруй хувьтай байна. “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн тавдугаар дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулдаг ажээ. Энэ дагуу малын паразит, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэх зорилготой мал угаалгын ажлыг хийдэг байна. Малыг тогтмол угааж, эрүүлжүүлснээр мал давжаарах эрсдэлээс бүрэн сэргийлж, арьс шир, ноос ноолуур зэрэг малын гаралтай түүхий эдийн чанар, гарц дээшилдэг. Тодруулбал, малын арьсны 70 хувь нь чанарын шаардлага хангахгүй байгаа өнөөгийн нөхцөлд малыг угааж буюу креолинжүүлснээр арьсны гэмтэл үгүй болж, арьсны чанар нь нэгээс гуравдугаар зэрэглэлээр дээшлэх бүрэн боломжтой юм. Мөн паразит болон шимэгч чанарын өвчнүүд буурч, малын тарга тэвээрэг 20-30 хувиар нэмэгддэг. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал хангагдаж, малын гаралтай түүхий эд, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн асар том ач холбогдолтой юм хэмээн аймгийн ХХААГ-аас нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ