80 гаруй байгууллага хогоо ангилан ялгаж ачуулдаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-03 17:28:22

Завхан /МОНЦАМЭ/. "Завхан ногоон гарц нэгдэл" ТББ-аас цэвэр цэмцгэр Улиастай төслийг санаачлан хэрэгжүүлснээр Улиастайн 14000 гаруй иргэн,таван сургуулийн 4000 гаруй хүүхэд багачууд хандлагаа өөрчилжээ.

Харин өнгөрсөн зун гэхэд тус ТББ-ын дэмжлэгээр аймгийн томоохон орон сууцууд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хог ангилан ялгах хогийн саваар дамжуулан 5.6 тонн ангилсан хог хаягдлыг “Ажилч зөгий”нэртэй дахивар авах автомашинаар зөөвөрлөжээ.

Иргэд өмнө нь хогоо хогийн саванд эмх замбараагүй хаядаг байсан бол өнөөдөр хог ангилан ялгах савтай болсноор хогийг дор хаяж гурван төрөлд ангилан ялгаж хаядаг болсон байна. Хогоо ангилснаар овор хэмжээ нь багасаж шил, хуванцар сав зэргийг нь ялгаад дахивар болгож тушаахаар хэрэггүй хог хаягдал гэж гардаггүй юм. Үүнийг ч манай иргэд маш сайн мэддэг болсон.

Бидний санаачилга дэмжлэгийг хүлээн авч аймгийн хэмжээнд нийт 80 гаруй албан байгууллага хогоо ангилан ялгадаг болжээ. Түүнчлэн иргэд өөрсдийн хувийн сууц болон хашаа байшиндаа хогоо ангилан ялгадаг тусгай савыг гарын доорх материалаа ашиглан хийж манай ажилч зөгий дахивар зөөх автомашинд дуудлага өгдөг болсон гээд хандлагаа өөрчилсөн сайн жишээнүүд байна хэмээн Завхан ногоон гарц ТББ-аас мэдээлэв.

Ташрамд төсөлд давхардсан тоогоор Улиастай сумын ЕБС-ийн 4000 гаруй хүүхэд багачууд, Улиастай сумын 14000 гаруй иргэн, хог хаягдлаа ангилан ялгах мэдлэг мэдээлэлтэй болж, ерөнхий боловсролын таван сургууль хогоо ангилан ялгах түр хадгалах савтай болсон төдийгүй хүүхдүүд хогоо ангилан ялгах дадалтай болжээ. Төслийн хүрээнд төрийн байгууллагын ажилтнууд, иргэн, сургуулийн сурагчдад нийт 17 удаагийн сургалт мэдээллийг өгснөөр Улиастайн таван сургууль болон иргэд, хүүхдүүд хаана ч хогоо ангилан ялгадаг болжээ.


Холбоотой мэдээ