Зүүн эргэхийг хориглосноор нэвтрэх хөдөлгөөн 10-15 хувь нэмэгдэнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-08-04 14:43:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн зарим замд зорчих хөдөлгөөнийг зүүн гар тийш эргэхийг хориглоод байна. Тухайлбал, Төрийн ордны баруун талд, хуучнаар Байгалийн түүхийн музейн уулзвараар, хойноос ирж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зүүн гар тийш буюу Төрийн ордны хойгуур МУИС-ийн чиглэлд эргэхийг өнгөрсөн 6 дугаар сараас хориглоод буй. 


Тэгвэл өчигдрөөс Сансарын ШТС-аас Сансарын тунель зүүн эргэхийг  хориглов. Ийнхүү зарим замд хөдөлгөөнийг зүүн эргэхийг хориглосноор дараах өөрчлөлтүүд гарна гэж үзжээ. Үүнд:

Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо Сансарын ШТС-аас Сансарын тунель чиглэлд 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 10-14.7 хувиар нэмэгдэх аж. Гэрлэн дохионы нэг үеэр хойноос урагш чиглэлд хуучин горимоор 14-15.3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 20-22.3 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ.

Урдаас хойш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 731 байсан бол 1102-1150 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 50-57.3 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр урдаас хойш бүх чиглэлд хуучин горимоор 20-22,3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 35-36 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ.


Зүүнээс баруун, баруунаас зүүн бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 1612 байсан бол шинэ гэрлэн дохионы горимоор 1773 болж уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 10 хувиар нэмэгдэнэ. 

Гэрлэн дохионы нэг үеэр баруунаас зүүн, зүүнээс баруун бүх чиглэлд 44-49.2 тээврийн хэрэгсэл уулварт нэвтрэн өнгөрдөг байсан бол шинэ горимоор 54-56.6 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ хэмээн Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулал, инженерчлэлийн газраас тооцжээ.



Холбоотой мэдээ