Тусгаарлалтаас гарсан иргэдийн тоо 10 мянга давжээ

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-06 16:28:47
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай штабын өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр гадаадаас иргэдээ татах ажил болон тусгаарлалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 


Коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс Монгол Улс хилээ хааснаас хойш УОК-ын Шуурхай штаб, ГХЯ, холбогдох мэргэжлийн байгууллагууд хилийн чанадаас нийт 16118 иргэнээ татан авчээ. Ингэхдээ 51 тусгай нислэг үйлдэж, авто зам болон төмөр замын хилийн боомтоор 40 удаагийн татан авалт хийсэн байна.


Энэ сард гурван тусгай нислэгээр БНСУ-аас 260 иргэн, АНУ-аас 253 иргэн, БНЭУ, Балба Улсаас 156 иргэнээ татан авсан бөгөөд нийт 669 иргэн эх орондоо ирсэн юм.


Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 2827 иргэн тусгаарлалтад байгаагаас 1536 нь нийслэлд, 555 нь орон нутагт 555 иргэн гэрийн тусгаарлалтад байна.


Харин цар тахалтай холбоотой гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах ажлыг зохион байгуулж эхэлсэнээс хойш улсын хэмжээнд 10865 иргэн хоёр шатны 35 хоногийн тусгаарлалтын хугацааг гүйцээжээ.


Тусгаарлах байранд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын 411 алба хаагч үүрэг гүйцэтгэж буй аж. 


УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: "УОК-ын дарга энэ сарын 7-10-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор иргэдээ татан авах ажлыг зохион байгуулах чиглэл Шуурхай штабт өгсөн. Мөн энэ сарын 11-нд Замын-Үүд боомтоор БНХАУ-аас иргэдээ татах бэлтгэл хангаж байна" гэв. 

Г.Бямбалхагва

Холбоотой мэдээ