Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гар зургийн үзэсгэлэнг нээв

Монголын мэдээ | Соёл урлаг
ariunbold@montsame.mn
2020-08-07 18:53:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй 6-18 насны хүүхдүүдийн гар зургийн “Meraki” үзэсгэлэнгийн нээлт “UB INN hotel & gallery”-д боллоо.


“The Ulaanbaatar Elite International School”-ийн дэргэдэх “Elite hive academy”-ийн “Альфа клуб”-ээс санаачлан хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх “Би Монголын Ирээдүй” сэдэвт гар зургийн сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв (ХБХСЗХТ)-д өнгөрсөн сарын 24, энэ сарын 3-нд зохион байгуулжээ. Уг сургалтад хамрагдсан 68 хүүхдийн 80 гаруй бүтээлийг үзэсгэлэнд дэлгэсэн байна.


The Ulaanbaatar Elite International School-ийн захирал Б.Тамир: Манай сургуулийн ахлах ангийн хүүхдүүд өөрсдийн мэддэг, чаддагаа хуваалцахаар энэхүү сургалтын төслийг зохион байгуулж байгаа. Энэ төсөл маань таван үе шаттай. Ганц манай сургууль биш хөдөө орон нутаг, бусад өөр сургуулийн хүүхдүүд ч бий. Нийт 50 хүүхэд тав, таваараа баг болж төсөл боловсруулж, олон нийтийн үйл ажиллагаа тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү хандсан сургалт зохион байгуулья гэсэн санаачлага гаргасан. Ингэснээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжиж, тэдний чадварыг  олон нийтэд илүү таниулж, ойлгуулах зорилго тавьсан.


Тус сургуулийн дэргэдэх “Elite hive academy”-ийн “Альфа клуб”-ийн гишүүн Б.Энхжин: Би энэ зун “Elite hive academy”-д явж нийгмийн ажил хийж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зураг зурахад нь хамт байж, зааж зөвлөсөн. Дүү нартайгаа байхад надад маш сайхан санагдсан. Тэд нарын эцэг, эх намайг бүгд багш гэж дуудсан. Энэ нь намайг цаашид сурах хүсэл сонирхол улам нэмсэн. Би үеийнхээ хүүхдүүдээс илүү зүйл сурч, мэдэж авсандаа баяртай байгаа.


ХБХСЗХТ-ийн Урлаг заслын багш Г.Ундармаа нь дээрх хүүхдүүдэд зураг зурахад нь тусалсан. Тэрээр сонсголын бэрхшээлтэй учир тус төвийн Танин мэдэхүйн багш Б.Сарантуяа түүний яриаг бидэнд хэлмэрчилж өгсөн юм.


Тэрбээр, “Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдүүд зураг зурснаар тэдний гарын жижиг булчин хөгжиж, ой тогтоолт сайжирдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дүрс, өнгө танихдаа тааруу. Алимыг дугуй дүрстэй гэдгийг ч мэдэхгүй тохиолдол байдаг учраас түүнийг нь ойлгуулж өгдөг. Ингэснээр танин мэдэхүйн чадвар нь маш сайн болдог.


“Meraki”уран зургийн үзэсгэлэнд зургаа гаргасан О.Мөнх хүүгийн ээж Б.Одгэрэл: Манай хүү 13 настай, одоо долоодугаар ангид орно. ХБХСЗХТ-ийг нээгдсэн цагаас явж эхэлсэн. Энэ хугацаанд их сайжирч байгаа. Тавдугаар ангиасаа эхэлж зураг зурах сонирхолтой байсан болохоор үзэсгэлэнд зургийг нь тавина гэхэд их баярласан.  


Т.Энхтогтох

Холбоотой мэдээ