Залуу гэр бүлд цуврал сургалт зохион байгуулна

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-08-12 12:09:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуу насны, залуусын тухай хүн бүрт ярьж хэлэх зүйл олон бий. Залуу насны тухайд бол хувь хүн дээр гол төлөв наалдаж, өнгөрсөн цаг дээр дурсамж хэлбэрээр гарч ирэх тул энэ чиглэлийг орхино. Залуучуудын талаар ярьж хэлэх нь бусдад наалдацтай байх болов уу. Залуучуудын асуудлыг хөндөхөөр залуучуудын байгууллагын талаар заавал ярих нь ойлгомжтой болно.


НҮБ 1999 онд A/RES/54/120 тоот тогтоол гаргаж “Олон улсын залуучуудын өдөр”-ийг жил бүрийн 8 сарын 12 нд тэмдэглэхээр тунхагласан. Ер нь “Дэлхийн 198 улсын 122 нь залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөр”-тэй байна гэсэн тоо баримт гарч иржээ. Эндээс харвал залуучуудын асуудал нэг үндэстэн,  нэг улс, нэг тивээс хальсан болох нь харагдана. “Олон улсын залуучуудын өдөр”-ийг тэмдэглэх 8 дугаар сар нь Монгол улсын хувьд залуучуудын байгууллага үүсэж хөгжсөн түүхэн үйл явдалтай давахцаж байна. Олон улсын залуучуудын өдрийг 12-нд (өнөөдөр) тэмдэглэх учиртай. Монголын залуучуудын орчин цагийн байгууллага байгуулагдсан өдөр 25-нд тохионо. 


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын танилцуулгад Монголын хүүхэд, залуучуудын байгууллагын талаар “1925 он: Монголын хүүхэд, залуучуудын байгууллага “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан. Энэхүү холбоог тухайн үед их зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхий л олон багачууд” дууг эгшиглүүлэн Монголын мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулсан юм.

1925-1940 он: Монголын пионерийн байгууллагын төв товчоо

1940-1949 он: МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл

1991 он: Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар

2016 он: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Монгол Улсын Их хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор Хүүхдийн төлөө Үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон шинэчлэн зохион байгуулсан” гэж тэмдэглэжээ. Монгол улс хүүхэд, залуучуудын байгууллагын хувьд ийм түүхэн замналтай. Дээрх 2 өдрийг уялдуулах үүднээс өнгөрсөн богинохон хугацаанд олон зүйлийг хийжээ.


Тухайлбал, 2019 оны 8 дугаар сарын 26-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “White rock” төвд болсон “Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” үндэсний V чуулганд оролцож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улс “Залуучуудын өдөр”-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Залуучуудын хөгжлийн сарын аяныг “Нийгмийг өөрчлөх боловсрол” сэдвийн дор энэ сарын 12-ноос есдүгээр сарын 12-ны хугацаанд орон даяар зохион байгуулж байна” гэж хэлж байжээ. Энэ чуулганд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага,  олон улсын байгууллагын 600 гаруй зочид, төлөөлөгч оролцсон аж.  


Энэ цаг үеийн тоо баримтаас үзвэл УИХ 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай бие даасан хууль баталжээ. Энэ нь дэлхийн болон бүс нутгийн хүрээнд залуучуудын талаар  хуультай цөөн орны тоонд манай улсыг оруулсан аж. Улмаар иргэдийг орон сууцжуулах ипотекийн зээлд хамрагдагсадын 1.4 хувийг 18-25 насныхан, 43 хувийг 25-35 насны залуучууд эзэлж байна. Эдгээр нь төрийн бодлого залуучуудад чиглэж байгааг харуулсан тоо баримт. Монгол улсын нийт хүн амын 33 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Улсын  хөдөлмөрийн насны иргэдийн 50 хувийг тэд бүрдүүлж байна.


Монголын “залуучуудын өдөр”, “олон улсын залуучуудын өдөр” хоёулаа нэг сард 2 өөр өдөр тохиож байгаа нь залуучуудын сарын аяныг улс орон даяар өрнүүлэх таатай нөхцөл бүрдүүлсэн нь дээрх үйл явдлаас тодорхой байна. Энэ жилийн залуучуудын сарын аяныг ГБХЗХГ-аас “НЭГ ЗАЛУУ- НЭГ САНААЧЛАГА” уриатайгаар өрнүүлэхээр болжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн  анхан шатны 300 гаруй нэгжээрээ дамжуулан сарын хугацаанд  уг аянд нийт 120 000 залууг хамруулна гэж тооцжээ. Түүнээс гадна 300  залуу гэр бүлд цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Холбоотой мэдээ