С.Батжаргал: Үерийн нэгдсэн далан байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-08-10 15:43:03
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалтай хөрөнгө оруулалтын ажлын талаар ярилцлаа.

-Энэ онд хийх ёстой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, төлөвлөгөө хэдэн хувийн биелэлттэй байна вэ?

-Энэ онд 220 ажил хийхээс 130 гаруйд нь гэрээ байгуулж, 50-д нь дахин тендер зарлаж, зураг төсөв, зөвлөх үйлчилгээ, худалдан авах ажиллагаа явууллаа. Одоогоор тендер зарлаагүй байгаа 50 ажил байна. Мөн нэг зүйлийг онцолж хэлэхэд УИХ-аас гарсан шийдвэрийн дагуу манай аймаг улсад 29 тэрбум төгрөг тэгшитгэх ёстой. Татварын төлөвлөгөөгөө хуваарилж, оны эхний 6 сарын байдлаар төлөвлөгөөгөө биелүүлээд байгаа. Энэ бүхнээс харахад  аймгийн ажил саадгүй үргэлжилж байгаа гэж дүгнэж болно.

-Сүүлийн хоёр жилд аймгийн удирдлагууд  гадны төсөл, хөтөлбөрүүдийг их татах шиг боллоо. Үүний үр дүнд үерийн нэгдсэн далангаа ч байгуулахаар ажиллаж байна. Энэ ажлын явц хэр байна?

-Гадны төсөл хөтөлбөрүүд, донор байгууллагуудтай  холбогдсон. Үр дүн нь ч сайн гарлаа. Европын сэргээн босголт хөгжлийн банкны 14 сая ам.долларын  50 хувийг нь буцалтгүй тусламж хэлбэрээр авах болсон. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо хоорондын гэрээ хэлцлийн дунд нийт санхүүжилтийн 50 хувийг Европын холбооноос буцалтгүй тусламж хэлбэрээр 50 хувийг нь хөнгөлөлттэй зээл хэлбэрээр  авч байна. Уг төслийг хэрэгжүүлэхээс өмнө иргэд,  олон нийтээс хоёр удаа санал авч, хамгийн их хүлээлттэй байгаа ажлуудын жагсаалтыг  гаргасан. Үүнд үерийн нэгдсэн далан байгуулах, хог хаягдлын үйлдвэр барих,  инженерийн шугам сүлжээг шинэчлэх зэрэг хэд, хэдэн санал гарсан. Иймд үерийн нэгдсэн далан байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.  Европын сэргээн босголт хөгжлийн банк Улаанбаатар хотын Хог хаягдлын төслийг хэрэгжүүлэх талаар судалж байсан тул бид тус байгууллагатай холбогдож өөрсдийн асуудлаа танилцуулсан. Ингээд гэр хорооллын  Шанд, Эрдэнэ багт  төвийн дулааны шугам татах,  үерийн нэгдсэн далан байгуулах саналаа хэлж төслөө танилцуулсан.  Тус холбоо Эрдэнэт хотын хүн амын аюулгүй байдлыг хангахын тулд үерийн нэгдсэн далан байгуулах төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан.

Хоёр жил гаруй хугацааны дараа  Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банктай 300 сая еврогийн гэрээ байгуулж Монгол Улсын хэмжээнд  хэд,  хэдэн төсөл хэрэгжүүлэхээр болсноор манай аймгийн төсөл дэмжигдсэн.  Ингээд 40 тэрбум төгрөгийг аль болох хүртээмжтэй, шаардлагатай ажилдаа зарцуулах боломж бүрдсэн.

-Польш Улсын Засгийн газраас хог боловсруулах үйлдвэр байгуулах ажил бас яригдаж байсан. Энэ хэзээ хэрэгжих вэ?

- Энэ бас л сүүлийн хэдэн жил хөөцөлдөж байгаа төсөл. Эрдэнэт хотын хогийн цэгт хог боловсруулах үйлдвэр байгуулах асуудал байгаа юм. Польш Улсын Засгийн газартай хамтран 9 сая еврогийн санхүүжилтээр үйлдвэр байгуулахаар болж гэрээ, хэлэлцээрээ байгуулаад байна.

-Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт байдаг. Энэ талаар хэрэгжүүлж байгаа ямар ажил байна?

-Орхон аймаг анх удаа 2017 онд  хотын эрсдлийн үнэлгээ хийхэд цэвэр усны шугам  цоорох  эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан байдаг. Мөн усны алдагдлын төлбөрт аймаг Эрдэнэт  үйлдвэрт мөнгө төлдөг. Манайх чинь 60 км холоос Эрдэнэт үйлдвэрээр дамжуулан цэвэр усаа авдаг. Ингэж байж хотоо усаар хангадаг. Энэ усыг татаж буй шугамыг солих шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл,  23 км шугам сольчихвол бид  усны алдагдлаа бууруулах боломжтой юм. Хэрэв бид энэ алдагдлыг бууруулж чадвал жилд хоёр тэрбум төгрөгийг хэмнэж чадна. 

Холбоотой мэдээ