Улс орны иргэн бүрийн амьдралд төмөр замчдын хөдөлмөрийн хөлс хүч шингэсэн байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2020-08-17 12:45:51

 Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УБТЗ-ын 2019 оны мэргэжлийн аварга, Улаанбаатар өртөөний жижүүр Лхамаагийн Гансүхтэй төмөр замчны ажил үйлсийн талаар ярилцлаа. Тэрээр УБТЗ-д 35 жил тасралтгүй ажиллаж байгаа аж.   

 

 

  Дэггүй хүү төмөр замчин болсон түүх

 Зочноосоо төмөр замчин болсон түүхийг нь сонирхоход тэрээр:

-“Миний муу аав” киног үзсэн үү? Тэр киног миний багын найз Жаргалсайханы амьдралаас сэдэвлэсэн юм. Киноны гол дүр “Эстрад Жагаа” найз нөхөд, ойр тойрныхоо хүмүүсийн ажил, амьдралын аливаа асуудлыг зохицуулаад л явдаг шүү дээ. Найз минь яг л тийм хэн хүнд тус дэм болдог байв. Жигтэйхэн ганган, өмднийхөө индүүдлэгийг гаргахгүй гээд бараг хөлөө нугалахгүй явдагсан /инээв/.  Тэр найз минь намайг төмөр замчин бол гэж их ятгасан хүн дээ хэмээн улирч одсон он цагийг эргэн дурсаад: 

        -Нуулгүй хэлэхэд, би жаахан дэггүй хүүхэд байлаа. Гэхдээ бидний үеийнхэн гэм хоргүй сахилгагүйтнэ л дээ. Тэр үед сахилгагүй хүүхдийг дунд сургуулийн наймдугаар анги төгсөхөөр нь ТМС-д хуваарилдаг байв. Намайг ч бас “Барилгын II ТМС-ийн хуваарь ав, эсвэл хотын хөдөлмөрийн хэлтэст оч” гэсэн. Есдүгээр ангид дэвшин суралцах хүсэлтийг минь огт авч хэлэлцсэнгүй. Би алийг нь ч авахгүй гээд гэдийчихсэн. Гэтэл хоёр хоногийн дараа ангийн багш гэр рүү утасдаад “Төмөр замын ТМС-ийн хуваарь авсан хүүхэд хуваариа буцаалаа. Энэ хуваарийг авбал ав” гэдэг юм байна. Тэгтэл Жагаа маань ч манайд хүрээд ирлээ. Хоёулаа байрны гадаа беламор тамхи татангаа ярилаа. Наймдугаар анги төгссөн хүн чинь өөрийгөө их том болсон гэж бодож байгаа шүү дээ. Болоогүй ээ, халаасандаа 10, 20 төгрөгтэй улс чинь Улаанбаатар ресторан орж хуйцаа идсэн шиг жаал гадуур хамт явав. Тэгж явахдаа Жагаа маань “Төмөр зам гоё шүү дээ. Ахуй хангамж сайтай. Чамайг ТМС-д ороход л хөдөлмөрийн дэвтэр нээнэ” гээд л баахан  ятгалаа. Би ТМС-д сураад байхдаа яах вэ дээ гэж голоод... Тэгж явсаар сургууль дээрээ очоод сурахгүй гээд хувийн хэргээ авчихлаа. Гэртээ иртэл ээж “Жагаа та хоёр хаагуур, юу хийгээд яваад байна? гэж байна. “Жагаа намайг төмөр замын ТМС-д ор гээд байна” гэхэд ээж ч “Төмөр зам зүгээр шүү. Миний хүү тэр хуваариа авчихвал яасан юм” гээд дэмжих маягтай үг цухалзууллаа. Том эгч маань багш болохоор “Чи юу ч гэсэн тэр хуваариа авчих. Болохгүй бол намар би чамайг өөрийнхөө сургуульд оруулъя” гээд арга ядсан юм ярив. Тэгэхээр нь сургууль руугаа очоод өнөө хуваарийг нь авчихсан. Ингэж л  төмөр замчин болох зам мөр минь эхэлсэн дээ. Түүнээс би төмөр замын талаар ямар ч төсөөлөлгүй. Галт тэрэг, вагон гэдгийг холоос л барааг нь харснаас цаашгүй. Үнэхээр намар хичээл эхлэхэд бидэнд хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн. /инээв/.

 

Хөдөлмөрийн амт ба анхны цалин

        Оюутны гурван жил нэг л мэдэхэд нисэн өнгөрч Л.Гансүх сургууль төгсөхийн өмнөх дипломын дадлагаа Сүхбаатар өртөөнд хийх болжээ. Тухайн үед Сүхбаатар өртөөний дарга Ш.Ганбаатар түүнийг холбогч-найруулагчаар ажиллуулах тушаал гаргажээ. Сүхбаатар өртөөнд Б.Чишүү, Х.Тунгалагсайхан, н.Төмөрбаатар гээд ажил мэргэжилдээ эзэн болсон мундаг ах эгч нар байлаа. Тэднээс их ч зүйлийг сурсан даа. Дамжуулах конторын дарга нь Б.Магсаржав гэж мундаг хүн байлаа. Б.Магсаржав гуай хожим Толгойт, Улаанбаатар өртөөний дарга, Захиран хуваарилах хэлтсийн даргаар ч ажиллаж байсан даа. Холбогч-найруулагч гэдэг амаргүй ажил. Гэхдээ сайн багш нарын хүчинд тэнд хоёр сар гаруй боломжийн ажиллаад ирсэн. Энд ирээд сургуулиа төгсөж, Толгойт өртөөнд хуваарилагдаж очоод анхны цалин буулаа. Гэтэл 900 шахам төгрөг авдаг юм байна. Тухайн үедээ маш их мөнгө шүү дээ. Яагаад ийм их мөнгө авдаг билээ гээд цалингийн “гонжгор”-оо аваад үзтэл “Сүхбаатар өртөөнөөс дадлага хийх хугацаанд ажилласан цалин нэмж бодогдож орсон байв. Цалингийн “гонжгор” гэдэг нь одоогийн бидний цалингийн тооцооны хуудас гэсэн үг. 1980-аад онд ямар компьютер гэж байх биш. Цалингийн нягтлангууд цагаан цаасыг нарийн зүсэж байгаад л хүн бүрийн цалин хөлсний тооцоог нэг бүрчлэн гараар бичиж өгдөг байсан юм. Түүнийг төмөр замчид цалингийн “гонжгор” гэнэ.

          Тийм их мөнгө анх гар дээрээ аваад хөдөлмөрийн амт шимт гэдгийг ойлгож билээ. Анхны цалингаа ээждээ аваачиж өгөхөд ээж минь их баярласан. Тэгээд Сансарын үйлчилгээний төвөөс шар будаа, цагаан будаа, дугуй булантай цай авч байсныг нь санаж байна. Бодвол хүүгийнхээ цалингийн дээжээр өсөж үржихийг нь бэлгэдэн будаа зэргийг авсан байх.

         Толгойт өртөөндөө нэг жил ажиллаад цэргийн албанд мордож, халагдаж ирээд буцаад ажилдаа орсон. Тэгэхдээ ажлынхаа хажуугаар эчнээгээр техникумд суралцаж төгссөн. Техникумд эчнээгээр сурч байхдаа хавар, намарт ажлаас чөлөөлөгдөж сурах нь заримдаа их залхмаар санагдана. Шал дэмий техникумд орлоо. Зүгээр ажлаа л хийж байдаг байж гэж бодогдох үе ч байсан. Одоо эргээд бодоход харин ч хамгийн оносон хэрэг байв. Үүнийг биеэрээ туулаад ирснийх хүүхдүүддээ, ажлынхаа залууст “Сурах зүйлээ сурах цагтаа л сур. Хожим хойно ингэх юм яав, тэгэх минь яав гэж харамсана” гэж захидаг  хэмээв.

         Л.Гансүх Толгойт өртөөнд 1992 хүртэл холбогч-найруулагчаар ажиллаж, бэлтгэл жижүүр болжээ. Бэлтгэл жижүүр гэдэг нь голдуу хэсэглэлийн өртөө, зөрлөгт томилолтоор ажиллана. Тааран шуудайд хөнжил гудсаа хийж аваад л тойроод явж өгнө. Толгойт хэсэглэлийн Эмээлт, Давааны зөрлөг хоёроос бусад өртөө, зөрлөгт ажиллаж, хэрэндээ бэлтгэгдэж байв. Гэсэн хэдий ч 1994 онд Улаанбаатар өртөөнд шилжиж, дахин холбогч-найруулагчаас ажлаа эхлүүлэх нь тэр. Төмөр зам гэдэг мэргэжлийн мэргэшсэн төмөр замчинг бэлтгэдэг өөрийн гэсэн өвөрмөц сургалтын системтэй газар. Үүнийг төмөр замын бичигдээгүй хууль ч гэдэг. Л.Гансүх яг л тэр зам, хуулиар явж иржээ.

 

“Амьдрал та нарыг боовны бэмбий шиг жимбийлгэнээ” гэдэгсэн

       Тэрээр, ажлын талбарт өөрт нь үлгэр дуурайл болсон олон ахмадыг бахархан дурслаа.

     Түүний ажлын гараагаа эхлүүлсэн Толгойт өртөө тухайн үед орон нутгийн ажлаараа замын хэмжээнд нэгдүгээрт ордог байж. Учир нь социализмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн гол том баазууд Толгойтод төвлөрч байсантай холбоотой аж. Бөөний худалдаа, Хүнсний бөөний нэгдэл, Тээврийн хэрэгслийн хангамжийн улсын  ерөнхий хороо, Нефть бааз, Мах комбинат, Гурил тэжээлийн үйлдвэрийн хамаг ачаа бараа Толгойт өртөөнд буудаг байж. Өртөөний салбар замууд маш хол, бүх ачаагаа салбар замдаа хүлээн авч найруулдаг, буулгадаг байжээ. Иймд холбогч-найруулагч нар ачаалал их, ажил сурахаас ч аргагүй.

        -Тухайн үед Толгойт өртөөнд Цоодол, Замын дөрвөн удаагийн аварга Жамц гээд мундаг найруулагч нар байлаа. Цоодол гуай бол агуу найруулагч байсан даа. Би тэр хүнээр одоо ч бахархдаг. Анх сургууль төгсөөд очсон даруйдаа би хор нь гараагүй, хөдөлгөөнтэй байж. Тэгэхэд Цоодол гуай олон таван үг хэлэхгүй “Амьдрал та нарыг боовны бэмбий шиг жимбийлгэнэ дээ” гэдэгсэн. Тэр үнэн үг байж. Одоо ч тэр үг надад бодогддог. Хааяа залуустаа Цоодол гуайнхаа үгийг хэлнээ. Мөн Лхагвадорж гэж мундаг жижүүр байлаа. Тэр ах “Төмөр замчид нэг л дүрэмтэй, нэг л технологитой. Хүний хийж байгааг сайн хар, хэлж байгааг сайн сонс” гэдэгсэн. Түүнээс гадна Намжилдорж, Чимэддорж, Минжин гэж мундаг жижүүрүүд ч байсан. Улаанбаатар өртөөнд ирээд Э.Уртнасан, В.Рэгнээханд гээд шилдэг хүмүүстэй хамт ажиллаж байв. Хүн ер нь цаг ямагт суралцаж, сайн сайхнаас нь үлгэр жишээ авч байх ёстой юм билээ” хэмээн багш нараа дурссан тэр өдгөө өөрөө олон залууст үлгэр дуурайл болж яваа нь билээ. Тэрээр, залууст “Хөдөлгөөнчин хүнд минут бүхэн маш үнэтэй” гэж хэлэх дуртай аж. Учир нь, төмөр замын тээврийн үр ашиг минут, секундээр хэмжигддэгтэй холбоотой. Өнөө цагт хамгийн шуурхай, хамгийн найдвартай тээврийн үйлчилгээг хэрэглэгч эрэлхийлж байна. Тиймээс түүний хэлэх дуртай үгийн ард асар том агуулга байх шиг...

 

 Миний ээж Маршалын хувцас оёсон хүн шүү дээ

        Түүнээс “Та Замын мэргэжлийн аваргын шагнал гардаж зогсохдоо юу бодож байв” гэхэд хоолой нь зангирч, хэсэг чимээгүй сууснаа “Аав ээж минь байсан бол...” гэж бодогдсон хэмээн юу юугүй огшиж ирсэн нулимсаа залгилаа.

         Түүний аав С.Дансранпүрэв тээврийн жолооч, ээж Н.Лхамаа нь цэргийн оёдлын үйлдвэрийн захиалгат тасгийн оёдолчин хүн байв. Есөн хүүхэдтэй энэ өнөр айлын хүүхдүүд тухайн үед яагаад ч юм бүгд ээжээрээ овоглосон байж.

         -Миний ээж 1990-ээд оны дунд үе хүртэл Монголын генералуудын хувцсыг оёсон юм шүү дээ. Багад ээж хааяа ажил дээрээ хононо. Тэр нь Монголд шинэ генерал төрж буйн дохио байдагсан. Нэг удаа ээж бас л гэртээ ирж хоносонгүй. Бид ч бас нэг генерал төрж байгаа юм байна гэж бодож байв. Гэтэл ээж минь маргааш нь их л баяр хөөртэй ирж “Энэ хорвоод хүн болж төрсний, хөх зүү хөндлөн хатгасны минь хэрэг бүтлээ” гэж билээ. Гэтэл хэдхэн хоногийн дараа Ю.Цэдэнбал дарга “Маршал” цол хүртэж, телевиз, радио, сонин хэвлэлээр бөөн сүр дуулиан болсон юмдаг. Миний ээж ингэж Маршалын хувцсыг оёлцсон хүн шүү дээ.Ээж минь бидэнд оймс, гутлаас бусдыг нь оёод өгчихдөг байсан даа. Барагтай биеэс хэмжээ авахгүй. Хааяахан миний хүү жаахан өндөр болчихоо юу даа гээд уртын хэмжээ авна. Тэгээд эсгээд, оёод өгсөн болгон нь яг л таарна. Ээж минь хүнд өвдөөд би яг гурван сар сахиж асарч байгаад бурхан болсон. Тэгэхэд миний ээж “Ээж нь хүүдээ санаа зовохгүй байна” гэж билээ. Би “Нар хиртсэн жил” киноны эхлэлийг үзэх дуртай. “Хүү ирлээ” гэхийг “Сүү хөөрлөө” гэж сонсоод ээж нь домботой цайгаа бариад л ухасхийдэг хэсгийг үзэх их дуртай. Гавьяат жүжигчин Ч.Долгорсүрэн гуай миний ээжтэй тун төстэй. Ээж минь тиймэрхүү л хүн байсан даа. Ижий аавтайгаа байгаа хүн хамгийн баян хүн гэдэг үнэн шүү. Би шагнал авна гэж бодож ажлаа хийдэггүй. Би хийх ёстой л гэж ажилдаа ирдэг гэлээ.

       Өртөөний жижүүр хүний хамгийн жаргалтай үе хэзээ вэ? гэхэд “Планд өгсөн галт тэрэгнүүдээ хүлээж аваад, бүгдийг нь явуулчихаад санаандаа хүртэл ажиллачихаад ажлаас буух ч... Гадаа гарч тамхиа тухтай гэгч татаж аваад гэр рүүгээ явж байх мэдрэмж л хамгийн жаргалтай үе юм даа.

 

Төмөр замаас насны ханиа сонгосон

        Есөн хүүхэдтэй өнөр айлын долоо дахь хүү Л.Гансүх гэр бүлээсээ анхны төмөр замчин болсон бол түүний бага дүү ахыгаа дагаж төмөр замчин болжээ. Өдгөө Зорчигч тээврийн төвд ажилладаг аж.

       Л.Гансүхэд ган зам дагасан ажил мэргэжил нь насных нь ханьтай ч учруулжээ. Түүний гэргий Д.Тунгалаг Толгойт өртөөнд мэдээлэгчээр ажилладаг. Энэ айл тооноо өргөж, өрхөө татсанаас хойш 28 жил улирч, хоёр охин, нэг хүүтэй өнөр айл болжээ. Нэг охиноо төмөр замчны мэргэжлээр ОХУ-д сургуульд явуулсан ч охин өөрийн хүсэл сонирхлоор мэргэжлээ сольж өдгөө Олон улсын харилцааны чиглэлээр хойд хөршид сурч байгаа гэнэ.

       Ган зам түшсэн хүн бүрийн хувь заяа тэгш, өрх гэр өөдрөг өнгөлөг байдаг билээ. Л.Гансүхийнх тийм л хайр халамж, итгэл сэтгэл бялхсан айл. Гэрийн эзэн өөрийн ажил мэргэжлийнхээ үүрэг хариуцлага, бахархал бахдалыг ийнхүү дүгнэсэн юм. ОХУ-д сурч байгаа охин маань дунд сургуулийн 10 дугаар ангид байхдаа “Багш аав ээжийнхээ ажил мэргэжлийн талаар эссэ бичиж ир гэсэн. Таны ажлын тухай би юу бичих вэ?” гэж асууж билээ. Тэгэхэд нь “Миний охин цонхоор хар, эргэн тойронд сүндэрлэсэн барилга байшин, замаар явж байгаа машин техникийг хар. Гэр чинь гэрэлтэй, дулаахан байна уу? Дэлгүүр хоршооны лангуу дүүрэн байна уу? Төмөр замчид улс орны болоод хүн ардынхаа амьдралд хэрэгцээтэй бүхнийг тээвэрлэдэг юм шүү дээ” гэж хэлсэн дээ. Энэ хотын, цаашлаад улс орны иргэн бүрийн амьдралд төмөр замчдын хөдөлмөрийн хөлс хүч хүрч байдаг. Энэ л миний бахархал даа хэмээн сэтгэл хангалуун өгүүлэв.

       Түүний хэлсэн энэ үг хачир чимэггүй хэрнээ хамгийн үнэн үг  гэж бодогдлоо.

                                                                                                                                                                                      Б.Гүнжинлхам

Холбоотой мэдээ