18 мянган хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
sodonizm@gmail.com
2020-08-12 16:03:10

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Манай улсад энэ оны нэгдүгээр сарын 8-наас хойш 18 793 хүнийг тандалт судалгаа, шинжилгээнд хамруулснаас коронавирусний 293 тохиолдлыг илрүүлээд байна. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр энэ тухай мэдээлэхдээ, “Коронавирусний батлагдсан 293 тохиолдлын 206 нь эрэгтэй, 87 нь эмэгтэй, 6-80 насны хүмүүс байна. Дунджаар 28 хоног хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эдгэрч эмнэлгээс гарсан 141 хүний дунд судалгаа хийхэд 110 нь буюу 78  хувь нь оюутан, 16 хүн буюу 11.3 хувь нь ажил эрхэлдэг, 15 нь буюу 3.5 хувь нь ажилгүй иргэд байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 77 хувь нь суралцах, 11 хувь нь ажиллах, 12 хувь нь бусад зорилгоор гадаад орныг зорьсон байна. Эдгээр хүмүүсийг тусгай үүргийн онгоцоор ирмэгц шинжилгээнд хамруулсан бөгөөд 30 гаруй хувьд нь коронавирусний эмнэлзүйн шинж тэмдэг хожуу илэрсэн" гэв. 

 

Эдгэрээд гарсан 141 тохиолдлоос давхардсан тоогоор  46.4 хувьд нь халуурах, 42.5 хувьд нь хоолой өвдөх, 42.9 хувьд нь ханиалгах, 37.2 хувьд нь толгой өвдөх, 26 хувьд нь нус гоожих, 19 хувьд нь гүйлгэх, 17 хувьд нь ядарч сульдах, 14 хувьд нь булчин өвдөх, 17 хувьд нь дотор муухайрах, амьсгал давчдах, хамар битүүрэх шинж тэмдэг илэрсэн байна. Түүнчлэн 8.9 хувьд нь жихүүцэх, 3.6-5.4 хувьд нь амтлах мэдрэхүйгээ алдах байдал ажиглагджээ.


Мөн уушгины рентген шинжилгээгээр 5.4 хувь нь хатгаатай гэж оношлогджээ. Эмчлэгдсэн 141 хүний  11.3 хувь нь архаг хууч өвчтэй буюу элэгний архаг өвчтэй, хэт таргалалттай, уушгины архаг өвчтэй байсан байна. Харин нэг хувь нь жирэмсэн эмэгтэй юм. Хамар залгиурын арчдасын шинжилгээнд бүх тохиолдлыг хамруулсан бөгөөд 85 хувь нь хамар залгиурын арчдасын шинжилгээгээр, 14.7 хувь нь хоолойн арчдасын шинжилгээгээр, 1-2 хувь нь өтгөний шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.

 

Вирус судлалын гурван лабораторид өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 42 355 хүнд шинжилгээ хийсэн байна.

Тухайлбал, Дархан-Уул аймагт 3 934 ачаа тээврийн жолоочийг шинжилгээнд хамруулахад 14 тохиолдол батлагдсан бөгөөд бүгд эдгэрсэн байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомтоор нүүрс тээврийн 335 жолоочид түргэвчилсэн тестээр шинжилгээ хийсэн. Мөн Дорноговь аймгийн Хонгимандал, Замын-Үүдийн боомтод  1 590 жолоочийг тандалт судалгаа, шинжилгээнд хамруулсан байна. 

 

Холбоотой мэдээ