Бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-08-19 17:52:31

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын эргэн тойронд бий болсон хог хаягдлыг цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 25-нд зохион байгуулахаар боллоо.

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар идэвхтэй оролцуулах, үйл ажиллагаанд оролцоогүй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг Сайншанд сумын Засаг дарга болон багийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Дашрамд дурдахад аймгийн төвийг тойрсон хур хог цэвэрлэх ажлыг долдугаар сарын 29-нөөс эхэлж өнөөдрийн байдлаар Төмөр замын гэрлэн дохиотой гарам, хогийн хонхор орчмын нийт 120 орчим га талбай буюу анх төлөвлөсөн хэмжээнээс гурав дахин их талбайг хамарсан хур хог хаягдлыг цэвэрлээд байна.

Мөн хогийг эх үүсвэр дээр нь ялган ангилах, авто зам дагуу нийтийн бие засах газруудыг байгуулах, сэргээн засварлах, айл өрхүүдэд эко жорлон туршлагыг нэвтрүүлэх замаар хөрсний бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, барилга байшингийн дулаалга, агаар цэвэршүүлэгч, сайжруулсан түлш, халаалтын зуух зэрэг бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж ажиллах зорилт тавьжээ.

Холбоотой мэдээ