Хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-08-26 12:09:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 490 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

 


Ингэснээр, манай улсад коронавирусний 300 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний 289 нь эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.


Мөн гэрийн ажиглалтад 35 хүн, сувиллын шатанд 31 хүн шилжсэн бол 223 хүний тандалт ажиглалтын хугацаа дуусжээ. 

 

Өчигдрийн шинжилгээнд 8 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 248 хүн, 8 дугаар сарын 6-нд Шинэ Делигээс ирсэн 157 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, гадаад руу явах хүсэлт гаргасан 12 хүн, ажиглалт тандалт хийсэн 5 хүн, тусгаарлах байранд буй 36 хүн /давтан/, сувиллын ажиглалтад буй 3 хүн /давтан/-ий шинжилгээний хариу багтжээ.

 

Мөн хэвлэлийн хурлын үеэр “Өчигдөр 297 хүн шинээр тусгаарлагдаж 6 хүн тусгаарлалтаас гарлаа. Тусгаарлан ажиглах байранд байгаа 3864 хүнд 36 их эмч, 102 резидент эмч, 91 төрийн алба хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай онгоцоор ирсэн 56 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгээр хүмүүст 15 их эмч, 30 сувилагч, асрагч  тусламж үйлчилгээг үзүүлж байна” хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тодотгов.


Г.Бямбалхагва

Холбоотой мэдээ