Меланья Трамп хүүхэд насны дурсамжаа ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-26 14:04:00

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп Словени дахь хүүхэд насныхаа талаар дурсаж, Америкт шилжин суурьшихыг мөрөөддөг байснаа Бүгд найрамдах намын их хурлын үеэр ярьжээ.


“Хүүхэд насаа би Словенид өнгөрүүлсэн бөгөөд тэр үед манай улс коммунист засаглалтай байсан. Би эрх чөлөө, боломжуудын илэрхийлэл болсон Америк гэх гайхалтай орны талаар байнга сонсдог байлаа. Удалгүй Америк руу явж, тэндээ загварын салбарт ажиллах мөрөөдлөө биелүүлэх нь миний зорилго болсон юм. Тийнхүү 26 насандаа Америкт ирж, тус улсад ажиллаж амьдрах мөрөөдөл маань биеллээ олсон. Гэвч би илүүг хүссэн. Энэ улсын иргэн нь болохыг хүсэж байлаа. Энэ мөчийг би 9 жил тэвчин хүлээж, 2006 онд Америкийн иргэн болсон юм. Шаргуу хөдөлмөр, шийдэмгий чанарынхаа хүчинд би америк мөрөөдлөө биелүүлж чадсан учир энэ нь миний амьдралын хамгийн сайхан, бахархалтай мөчүүдийн нэг юм” хэмээн тэрбээр ярьжээ.


Бүгд Найрамдах намын их хурлыг 8 дугаар сарын 24-нөөс 27-ны хооронд явуулахаар төлөвлөжээ. АНУ-ын тэргүүн хатагтай үг хэлсэн нь Бүгд Найрамдах намын их хурлын хоёр дахь өдрийн гол үйл явдал болж байна.

 

Холбоотой мэдээ