Ч.Жаргалсайхан:Энэ хичээлийн жилд эцэг, эхчүүдийн үүрэг, оролцоо тэргүүн эгнээнд байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-28 14:45:44

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн тухайд маш онцлог үед эхлэх гэж байна. Ингээд Сэлэнгэ аймагт хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэрхэн өрнөж буй талаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ч.Жаргалсайхантай уулзаж ярилцлаа.


-Сайн байна уу, Та. Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжсэн онцлог үед хичээлийн шинэ жил нээлтээ хийх гэж байна. Сэлэнгэ аймгийн тухайд хичээлийн жилийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар яриагаа эхэлье?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2020-2021 оны хичээлийн жилийн нээлт "COVID-19" цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжсэн үед болж буйгаараа онцлогтой юм. Энэ жилийн тухайд таван яамны сайдын хамтарсан шийдвэрийн дагуу 9-р сарын 1-нээс хичээлийг эхлүүлж байгаа аж. Тухайлбал БШУ-ны сайдын хувьд сургалтын үйл ажиллагааг ямар горимд хэрхэн зохион байгуулах талаар нарийн заасан зааварчилгаа, журам гаргасан. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн БСУГ-аас хичээлийн шинэ жил эхлэхтэй уялдуулан бүх эрх зүйн бичиг баримтуудыг аймгийн хэмжээний нийт сургууль, цэцэрлэгт хүргүүлсэн байгаа.

-Энэ удаа аймгийн хэмжээнд хэчнээн сургууль, цэцэрлэг үүдээ нээх вэ? Мөн шинээр хэчнээн хүүхэд 1-р ангид элсэн суралцах гэж байна?

-Энэ хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 35 сургууль, 44 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулах бөгөөд цэцэрлэгүүдийн 38 нь төрийн өмчийн оролцоотой, гурав нь байгууллагын, мөн гурав нь хувийн хэвшлийнх бий. Сэлэнгэ аймгийн тухайд энэ хичээлийн жилд урьдчилсан тооцоогоор 2400 гаруй хүүхэд 1-р ангид элсэн орох тоо гарсан.

-Хичээл эхлэхийн өмнө багш нарт сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Хичээлийн шинэ жилтэй холбоотой орон нутагт зохион байгуулах сургалтуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын журамд нийцүүлэн аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр явуулж байна. Бидний зүгээс аймгийнхаа Бэлчир, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Орхон гэсэн таван бүсэд хуваагдан сургалтуудаа зохион байгуулж байна. Энэ сарын 20-ны өдөр Бэлчир бүсийн буюу Сүхбаатар, Алтанбулаг сумын сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч, сургалтын менежерүүд, эмч нар, нийгмийн ажилтнууд гэсэн бүрэлдэхүүнтэй сургалтыг зохион байгуулсан. 21-ний өдөр Ерөө, Цагааннуур сумын сургууль, цэцэрлэгийн багш нарын сургалтыг Сүхбаатар суманд явуулсан. Нэг удаагийн сургалтад дунджаар 10 гаруй сургууль, цэцэрлэгийн 60 гаруй хүн оролцож байгаа. Сая 24-нд Хараа бүсийн сургалтыг Мандал суманд зохион байгууллаа. Энэ сургалтад Зүүнхараагийн бүх сургууль, Хэрх, Түнхэл тосгод, Баянголын багш нар хамрагдсан. Мөн 25-ны өдөр Орхон бүсийнхийг хийлээ. Энэ сургалтыг Сант сумын сургууль, цэцэрлэгийг түшиглэж явуулсан. Энэ удаа таван бүсээ дөрөв болгоод нягтруулаад сургалтаа явуулсан.

Сургалтаар хамгийн гол нь энэ онцгой нөхцөлд эцэг, эхчүүд ямар үүрэг хариуцлагатай оролцох талаар маш сайн зөвлөгөө өгсөн. Түүнчлэн сургууль, цэцэрлэг, дотуур байранд хүүхдээ хэрхэн байлгах, юун дээр анхаарах гээд их чухал асуудлуудыг сургалтаар өгч байгаа. Тухайлбал 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах, цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчнөөс сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, энэ чиглэлээр гарсан УОК, Засгийн газар, холбогдох сайд нарын баталсан тушаал, шийдвэр, дүрэм журмыг танилцуулах гээд сургалтууд их үр өгөөжтэй болж байна.

Мөн орон нутгийн онцлогт тулгуурлан бэлтгэл ажлын зохион байгуулалт хийхэд зөвлөмж, чиглэл өгөх зорилгоор “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” гэсэн агуулгын хүрээнд сургалт, семинарыг явуулж байгаа. Энэ хичээлийн жилийн хувьд сургалтын үйл ажиллагааг хоёр өөр төрлөөр явуулна. Аймгийн төв, нийслэл хотуудын ЕБС-иуд арай өөр хэлбэрээр. Дэд бүлэг үүсгээд явна. Харин хөдөө сумдын сургуулиуд бас өөр хэлбэрээр явуулна. Бас багш нарын мэргэжил дээшлүүлэх институтээс онлайн сургалт зохион байгуулж байна. Үүнд Сүхбаатарын бүх сургуулийн багш нарыг Алтанбулагийн багш нартай хамруулна. Энэ жилийн тухайд "COVID-19" цар тахалтай холбогдуулан сургуулийн хичээлийг зохион байгуулах түр журмын хүрээнд явуулна.

-Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд хэчнээн байна. 2 настай хүүхдүүдийг хамруулахгүй гээд байгаа. Сэлэнгэ аймгийн хувьд хэрхэн зохион байгуулж байна?

-2020-2021 оны хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 3-5 настай 5784 хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэсэн тооцоо судалгаа гарсан. 5 настай 2172 хүүхэд байгаа. СӨБ-ын сургалт үндсэндээ танхимаар хичээллэнэ. Хувилбарт сургалт болон хүүхэд харах үйлчилгээг энэ удааагийн сургалтаар хичээллүүлэхгүй. Бүлэг дүүргэлтийг 20-25 хүүхдэд багтаан зохион байгуулна. 5 настай хүүхдийг бүрэн хамруулна гэсэн зорилт тавьж байгаа. Учир нь сургуулийн өмнөх болосролыг олгох бэлтгэл үе учраас. Харин 3-4 настай хүүхдийг өмнө явж байсан хүүхдүүдээ авна. Зорилтот бүлгийн эрсдэлд өртөх магадлалтай, эцэг эх нь архины хамааралтай болчихсон гэдэг ч юмуу ийм хүүхдүүдийг судалгааны үндсэн дээр хамруулна. Эдгээр хүүхдүүд хамрагдахгүй гадна үлдчих гээд байдаг талтай. Иймээс эдгээр хүүхдүүдээ хамруулья гэсэн зорилготой байгаа. Ерөнхийдөө хичээлийн жилийн бэлтгэлийг ажил маш нарийн дэг журмын хүрээнд хийж байна.

-Хичээл эхлэхэд сургууль, цэцэрлэгүүд, түүнд ажиллах багш, ажилчид бэлэн үү?

-Яг одоогоор хоёр цэцэрлэг, хоёр сургууль хугацаандаа орох боломжгүй байгаа. Учир нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй засварууд нь арай дуусаагүй байна. Энэ маань энэ жил цементийн хомсдол үүссэнтэй, мөнгө санхүүжилт оройтож ирсэнтэй холбоотой саатсан. Бас нэг онцлог бол 9 дүгээр сард бүх багш нараа эрүүл мэндийн цогц үзлэгт оруулна. Ялангуяа ариун цэвэр, халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч ажиллана. Сэлэнгэ аймагт энэ ажлыг хийдэг зөвшөөрөлтэй ганцхан байгууллага байдаг. Ерөнхийдөө 9 сарын хичээл бол өнгөрсөн жилийн теле хичээлийг бататгах, хүүхдүүдийг сургуулийн орчинд нь дасгах тал дээр гол анхаарлаа тавина. Манай боловсролын байгууллагаас жил бүр багш нарынхаа бага хурлыг хийдэг. Тухайн жилийнхээ зорилго, зорилтыг тодорхойлдог. Энэ жилийн тухайд хүүхэд бүрийг хөгжүүлэх, хоцрогдлыг арилгах, ялгаварлахгүй хандах, багшаа хөгжүүлэхэд гол зорилгоо чиглүүлнэ. Мөн нээлт гэж өмнөх шигээ олныг цуглуулсан үйл ажиллагаа хийхгүй. Энэ хичээлийн жилийн бас нэг онцлог бол гурван улирлаар хичээллэнэ.

-Ярилцсанд баярлалаа.     

 

 

Холбоотой мэдээ