Байгаль орчны хяналтыг хөдөөгийн сумдад хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-28 17:19:20

Увс /МОНЦАМЭ/. “Байгалийн нөөцийн хяналт 2020” аяны хүрээнд аймгийн байгаль орчны салбарын ажилтнуудаас бүрдсэн хяналтын баг хөдөө сумдад ажиллаж байна.

Тухайлбал, Өмнөговь сумын Хөх хадын хөтөл, Сэрүүний хаг, Дайв, Цэрэнцэг зэрэг газарт энэ сарын 25-26-ны өдөрт хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын явцад хулгайн ан хийсэн үйлдэл гараагүй байна. Харин хууль бусаар алт олборлох гэж байсан иргэд таарч, тэдэнд хууль эрх зүйн зөвлөмж өгчээ. Мөн Шоолгоны овоо, Яварын овооны хог хаягдлыг цэвэрлэж, ард иргэдийг хог хаяхгүй байх уриалга гарган цахим орчинд байршуулсан байна. 

Тэрчлэн "Байгалийн нөөцийн хяналт 2020" аяны хүрээнд байгаль хамгаалах албаны хүмүүс Түргэн сумын Баруун бэл, Алташ, Мөст зэрэг газарт эргүүл хяналт хийсэн байна. Энэ үеэр ямар нэгэн зөрчил илрээгүй байна. Мөн Тэс сумын Даяанч, Давхар, Шар модон, Цаньд, Хар бургас, Багийн ам, Харзын ам, Гүүрийн ам, Тооромт зэрэг газарт хяналт шалгалт хийж, тухайн орчны хог хаягдлыг цэвэрлэжээ.

 Хяналт шалгалтаар явсан газруудад булаг шанд сэргэж, байгаль орчин маш сайхан байгаа аж.

Холбоотой мэдээ