Өдлөх насны минь түшиг Өвгөн буурал хангай мину /Цуврал-2/

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-08-28 21:58:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Өсөх бага наснаас өдлөн жигүүрлэх идэр насны минь амьдралын зам мөрийг түшиж ирсэн буурал хангай минь бороотой байлаа. Цуврал 2. /Түрүүч нь 2020.08.22-ны дугаарт/

Тээр тэнд байх тэнгэрийн цагаан үүл сааралтаж ирээд л хэдэн өдрөөр асгачихдаг. Бүр өрхөө хошуулдаж, гадаах идээгээ оруулж амжаагүй байхад л бүрээс норгоод эхэлнэ. Тэрх, Гичгэнэ, Бүдүүний гол үерлэхээрээ зосон улаан өнгөөр эргэлдэн хувирч хүн мал гатлахын аргагүй болно.

Харин адуу л тэнгэрлэг амьтан болохоор урд хоёр хөлөөрөө цавчсаар гараад явчихдаг. Орох тэнгэр, онгойх тэнгэрийн өнгийг хөгшчүүл хараад л хэлдэг билээ.Тэнгэрийн саарал үүл бие бие дээрээ давхарлаад, тэртээх  уулсын оройгоор манан будан хөшиглөөд байвал орохын тэмдэг гэдэг.


Нутагтаа ирээд аяны жолоогоо түр эвхэж, сумаас зүүн урагш 20 гаруй км-т байх Зоогийн эхэнд очиж бор гэрийнхээ ханыг шийрлэн нутгийн айлуудтай айлсан буув.

Зах зээлийн эхэнд төр засаг дөрвөн хүүхэдтэй хүнийг тэтгэвэрт нь суулгахаар шийдвэрлэсний дагуу ээж залуугаараа тэтгэвэрт сууж билээ. Аав ээж хоёр  хэдэн малынхаа аяыг дагаж жил бүрийн  урт намрыг хамтдаа туулсан  юм. 

Удалгүй сааль сүүний үнэр ханхалж тогоотой өрөм загсан, шинэхэн бүрсэн тараг, айраг гэрт бялхлаа.  Ээж хэд хоног тогоо тавив.  Нутгийнхан орж гарч охь амсаж байна. Уг нь манайхны нутагладаг байсан газар бол Гичгэнэ юм.

Гичгэний даваа уруудаж  голоо дагаж давхисаар хамгийн алстаа хуучин сүү тосны завод төвлөрдөг байсан Сэнстэйн тасаг хүрнэ. Намар болонгуут дээшээ өгсөж Доод даваат, Ар даваат, Мухар, Үхэрчулуут, Цуурай,  Элстэй, Гичгэнийн эх, сүүлийн жилүүдэд Зоогийн эхэн зэрэг олон газарт аавын дүү нар болох Жаргал, Сүхээ ахынхан болон нутгийн  бусад ахан дүүс, айлуудтай айлсан бууж урт намрыг үддэг.

Зоогийн эх бол ус сайтай, олон жилийн хур борог ихтэй, мал хийгээд малчин түмний амар жимэр амьдралын ундарга болсон сайхан нутаг. Урдуураа Зоогийн даваа гэж шар тэрэгний чадал шавхсан том даваатай. Наана байх Шаврэй нүүр, өмд модонд нэрс ургана.

Зүүн тийшээ Гичгэнийн нутаг залгах бол баруун зүгтээ Нарийний ам, Хөх даваа гэх том том уул нуруудтай.Энэ жил хаврын улирал урт үргэлжилж хур бороо оролгүй удаж салхи шуурга ихтэй, хүйтэн байсан учир мал, малчин хоёр ихэд зутарчээ. Наадмын өмнөхөн л бороо орж, газар чийгтэн зуншлага эхэлж байна гэж нутгийнхан хуучлав.

Манай нутаг бол зуны дунд сар гарчихсан наадмын өдрүүдээр ч уулын толгойдоо, тал хээр газраа цас унаж шөнөдөө хар чийг, өглөө хяруу уначихдаг сэрүүхэн хангай билээ. Сумын төвтэйгөө ойр учраас Зоогийн эхэнд манайх сүүлийн арав гаруй  жил  нутаглаж эргэх дөрвөн цагийн эргэлтэд нүүж сууж явсан.


Хангай сум

Хангай сум бол хуучнаар Сайн ноён хан аймгийн Далайчонхор вангийн хошууны засаг захиргаа юм. Чингэс хааны Алтан ургийн угсааны Батмөнх даян хааны үрсийн харьяат нутаг гэж түүхэнд үлджээ. Архангайн аймгийн баруун хойд талын захын сум.

Аймгийн төвөөс 240 гаруй км алслагдсан бөгөөд Хангайн уулархаг муж, Тэрхийн голын усан хагалбараар тогтсон Унтаа ямаат хэмээх нурууны арын уудам хөндий, урд Тэрхийн голын ай сав нутаг, Бүдүүн, Нарийн Гичгэний голоор оршдог билээ. Баруун талаараа Баянхонгор аймгийн Гурван булаг, хойт талаараа Цахир, зүүн талаараа Тариат, урдуураа Чулуут сумтай хаяа нийлэн хиллэнэ.


Алсад Баясгалан уул харагдана

Дашдавга, Түмэнсант, Унтаа ямаат, цавчим оройтой Ангархай, Алтанбумбат олон уул нурууд бий. Ноёнхангай, Хатанхангай гэх үзэсгэлэнт уулын хормойгоос халуун хүйтэн шинжтэй элдэв өвчнийг анагаах шидтэй, олон рашаан булаг ундарч зорин ирэгсдийг ундаална.

Хантайрагт гэх уулын домог сонирхол татдаг. Түүх домогт Чингэс хааны их цэргийн хэсэг урд тэрхийн эхэнд буудаллан түр амарцгааж ан гөрөө хийж гэнэ.

Чингэс хаан хөлөг баатруудын хамт гөрөөлж явахдаа унаж явсан морио хантайраад алсыг харж байтал морь нь гэнэт цулбуураа угз татан алдуураад явчихсан учраас Хантайрагт уул гэж нэрлэсэн домогтой гэсэн.

 

Аав бид хоёр


Бидний аав Очирбатын Хасааноов. Амьдралыг олон жижиг тойрог гэж үзвэл түүний хамгийн анхны том тойрог бол аав юм. Хөдөө, жалгын эхэнд отрын бор гэрт аавтайгаа хамгийн ойр байсан билээ. Надад амьдралын ухааныг заасан ачтан. Аливааг хэлж өгөхдөө биш өөрийн биеэр үлгэрлэнэ.

Аав бид хоёр хамт отор хийж, мал маллаж, тэрэг шар хөллөн модонд явж, айл нүүлгэж явлаа. Хамгийн сүүлд цас зудны улмаас хөр цасны хайрууд цанатай татлага татаж Бүдүүн гичгэнийн Өртөнт гэх жалгыг өөд уруугүй нүүж явсан санагдана.

Нутгийнхан аавыг Хасаа ах гэж дуудна.  Хасаа гэдэг хүн ямархуу хүн чанартай, өөрт ногдсон ажлаа ямархуу хариуцлагатай хийж байсныг Хангай, Тариат, Цахирынхан андахгүй. Аавын дээд үеийнхэн үр удмаараа Гичгэнийн гол даган аж төрж ирсэн түүхтэй.

Хүүхэд нь тогтдоггүй айл байсан тул аавыг гарсан даруйд нь ламд үзүүлж тийм сонин содон нэр өгч байжээ. Аавын дүү Очирбатын Жаргалсайхан, Батжаргал бол ах нь Рагчаа гэдэг жолооч байлаа.

Аавын эдэлж хэргэлж байгаа юм бүхэн цаанаа эмх цэгцтэй. Морийг цэвэрхэн унана. Нэгдлийн олон зуун адуу маллаж байхдаа  эмнэг догшин  хангалыг  сургаж, унаж  гаршуулан хариулга тарга тэвээрэгт нь анхаарч адуу үхэр маллах арга туршлагад мэргэшин  “Сумын аварга адуучин”, “Аварга төлчин” зэрэг олон олон алдрыг хүртэж байсан юм.

Гичгэнэ багийн малын тоо бүртгэгч, агент, сум, Нэгдлийн  нярваар олон жил ажиллахдаа үүрэгт ажилдаа эзэн болж, тухайн үеийн нэгдлийн эд хөрөнгийг хайрлан хамгаалж өчүүхэн ч хорогдол гарз гаргаагүй билээ.

Бас модон тэрэг урлаж гэр төхөөрнө, сур элдэж, ногт хазаар зангидана,  адуу дэллэнэ, ан хийнэ.Тарвага агнахдаа элдэвтэй.

Жалга дов дамжин өнгийж буудна. Аав зуны ногоонд цадсан адууг битгий хөлөргө, сайн гахсрааж намрын цагт услаад уях хэрэгтэй гэдэгсэн. Адууг намар орой болтол уяна. Уяж хоносон адуу өглөө уяан дээр бөмбийтэл чичирч байдаг. Чичрэх тусмаа сайн гэнэ.

Хорыг нь гаргаж байгаа нь тэр гэх. Холын аянд нүүдэл хийж ирчихээд хайнагийн шарнуудаа уяад хоночихно. Өглөө босоод харахад бөмийтэл чичрээд зогсож байдаг. Тэгээд л нар мандаж хяруу арилахтай зэрэгцэн дөрийг нь эвхээд бэлчээрт гаргана.

Аав намар цагаар хүлэг морьд, хайнагийн шар хоёроо ихэд бөөцийлж уядаг байлаа. Эдэлгээнд зөв сургаж, хорыг нь гаргах нь чухал гэж ярина. Бороо их орвол үхэр таргалдаг, нар их гарч байвал адуу таргалдаг гээд л ярина.

Дээхнэ үед монголчууд одоогийнх шиг халуун зунаар хонь үхэр гаргаж махыг нь хүнсэндээ хэрэглэдэггүй байлаа. Махсаад байвал хайнагийн шарны хамрыг хатгаж цусыг нь гойжуулаад хуураад идчихдэг. Хайнаг малдаа ч сайн гэнэ.

Аав шар тостой, шар будаатай хийцтэй цай  цоргиж ууна. Нэрмэлд дуртай байлаа. Улс уруудан дэргэтэл хатирч морьтойгоо уяан дээр дөрөө хангинуулан буух  аав эдүгээ  энх амгалангийн оронд одоод удаж байна.


Том хээрийн хатираанд...


Хорвоотой танилцах балчир наснаасаа хорь гарсан залуу идэр нас хүртлээ хангай нутагтаа  сууж аавын голомтыг сахиж явжээ.

Гичгэнийн голд Хасаагийн хоёр хээр гэж уран сайхан явдал, холч шандсаараа гайхагдаж толгой хаялан дүүхэлзсэн, сайвар алхаатай ах дүү хоёр хээр морь байлаа. Том хээр  биерхүү, бяртай, зузаан дэлтэй, том толгойтой, холч давхилтай бараг арилжаа шахуу явдалтай морь байсан.

Жижиг хээр бол уран нарийн биетэй, дандаа толгой хаялж явдаг сайвар голдуу алхаатай морь байлаа. Олон жилийн наадмаар хоёр хээрээр гангарч явжээ. Арилжаа морь бол энгийн мориноос илүү хатирч, холч шандастай. Арилжаа морины хөлийн хурд  газар холдох тусам улам чангарч, тоосон дунд  талын чулууд ойж буух нь энүүхэнд.

Дөрөө харшуулан яваа морьд нь том хээрийн явдлыг гүйцэлгүй хоцорчихно. Арилжаа морины хатирааг гүйцэлгүй сөхрөөд уначихдаг билээ.Тэр жил намайг цэргээс халагдаж ирэхэд  аав том хээрийгээ бариад уячихсан дэлийг нь засаж эмээл төхөөрөөд сууж байлаа.


Тэрхийн гол

Том хээрийнхээ зоон дээр гараад цулбуур  ергүүлэн хатирахад хийморь сэргэж хаана ч хүрэх итгэл төрдөг байжээ.Тэр жил зуны дэлгэр цагаар гурван сум дамжин наадам хэсч том хээрийнхээ шандсыг шалгасан юм. Гичгэнийн нутгаас Хангайн төв рүү 35 км  газар хатируулан ирж хоночихоод маргааш нь Тариатын цагааны нуурын овооны наадам руу /бараг 40 гаруй км/ найзуудтайгаа хамт давхиж наадамлаад дараагийн өдөр нь Цахирын Цагаан овооны наадам руу дэргүүлэн одож билээ.

Тэр жил хаврын хахир өдрүүдээр бугын эвэр түүх санаатай нутгийн ах нартай давхилдан гурав дөрвөн хоног хээр хонож явахад  том хээр маань огт ажраагүй билээ.


 Хангайн цагаан идээ хаана ч зартай


“Архангайн цагаан идээ” гэж олонд алдаршсан идээний голомт нутгийн нэг нь Хангай сум. Цагаан идээг хэрхэн бэлтгэх, яаж боловсруулах талаар хангайн айлууд хаана ч хэнд ч багшлах хэмжээний мэдлэгтэй. Айраг исгэж монгол архи нэрнэ.

Шар тос, өрөм, хурууд, зөөхий, цагаан тос, амтат тос гээд сүүгээр төрөл бүрийн цагаан идээ боловсруулж худалдаанд гаргана.Хангайнхны цагаан тос, амтат тос үнэхээр брэнд бүтээгдэхүүн юм. 

Нэгдэлжих хөдөлгөөн эрчимтэй хөгжиж байсан үед суманд сүү тосны завод байгуулагдаж сайн чанарын цөцгий тосоор улсын хэрэгцээг хангаж байсан юм. Улсын сүү тосны төлөвлөгөөг давуулан биелүүлж хоёр ч удаа улсад тэргүүлэн алтан медаль хүртэж байлаа.


Мод толгой нэрж шатар нүүдэг өвгөд минь...



Нутгийн ах Б.Төмөрбаатар

Нутгийн айлуудтай хаяа дэрлэн буусан өдрүүд үргэлжилсээр.Болор цомын эзэн яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлэгт гардаг шиг цаг хугацааны хүлэг морьд цангинатал дэргэд янцгааж он жилүүдийн урсгалд олон өвгөчүүл тэнгэрийн хутгийг олжээ.

Айл саахалт явж, үлгэр домог яриулж, үгийг нь сонсож явсан Гичгэнийн голоор нутагтай “Трактор”  Банзай гэдэг тэнхээтэй хүний хүү Төмөрбаатарынхтай айл зуслаа. Бидний дунд олон намрын дурдатгал, үйл явдал бий. Өвгөний  жинхэнэ нэр нь Банзрагч гэдэг ч нутгийнхан Банзай гэж авгайлна. Өндөр янхигар биетэй, бяр тэнхээтэй, элдэв зангүй гүдэсхэн өвгөн байсан юм.

Банзай гуай уулнаас мод түлээ бэлтгэхдээ гаргуун. Хэн нэгэн мэх зааж өгсөн бол барилдчихаар сайхан биетэй хүн байж гэж хожим бодох.

Түлээний сүх, нарийн богино сураа бүсэндээ зүүж аваад уул руу алхчихна. Уулын таг дээрээс хуурай мод унагаж сураар оосорлон хэд хэдээр нь баглаж бэл рүү чирээд  буучихна.   

Нэг удаа хуучилж суухдаа “Эрт дээр үед манай нутагт “Хүүхэн” Жүгдэр гэдэг тэнхээтэй бөх байсан гэдэг. Байдсан гүүг тэврээд үүдэн хоймрын зайтай газар шидчихсэн” гэж ярина. Таны чадал хүрэх үү гэхэд “Би тэр хүний хаана ч хүрэхгүй” гээд аяганд зөөгтсөн цайгаа ойчоод сууж байдагсан.



Банзай гуай чадал тэнхээтэй ч хорхойд хоргүй хүн байлаа. Шатар тоглож хүүхэд эрхлүүлнэ, өхөөрдөнө. Эдийн шуналгүй, хүнд гэмгүй, цөлх ухаантай, ийм нэгэн буурал нарт хорвоод амьдраад буцжээ. Мөн “Таах” Лхагва гэдэг намхан хөх бор өвгөн байлаа.

Ажилд махруу, хөнгөн шингэн, яриа хөөрөө ихтэй болохоор “Таах” гэдэг хоч өгсөн гэж нутгийнхан ярина. Лхагва гуай ирж явах нь андашгүй.

Өвөл, зуны алинд ч монгол гуталнаас салахгүй бөгөөд гутлынхаа хараанд мод толгой байнга хавчуулж, нуруугаа үүрчихээд баргил бүдүүн дуугаар хоолойгоо засаад гэрт ороод ирнэ. Дэргэд нь байхад уйдахааргүй яриа хөөрөөтэй хүн байлаа.

Ой ухаан саруул, цээж сайтай, аливаа зүйлийг огт мартдаггүй, уран цэцэн үгтэй, хууч яриа ихтэй, малч, ажилсаг хөгшин байсан юм. Найр хурим дээр уртын дуу дуулж олныг хөгжөөдөг.  Нэгэн удаа найрын гэрт уртын дуу түрж байхыг харж билээ.

Лхагва гуай жаахан халамцаад,

“...Нохой сайтын гадуур даргиулсхийгээд гараарай

...Нойр сайтын гадуур норгиулсхийгээд гараарай...” гээд л найрын  дугараа түрж байхыг мэдэх юм.       

Цаг цагаараа байдаггүйтэй адил тэр жилүүдийн эргэх дөрвөн цаг эмгэд, хөгшидтэйгөө, үнээн зэл, сааль сүүтэйгээ, эмээлт морьдтойгоо, эргэлдэн нисэх шувуудтайгаа, сэмжин хөх үүлстэйгээ алслан оджээ.

Үеийн  нөхөдтэйгээ Тэрхийн гол дээр өвлийн хүйтэнд тэшүүрээр гулгаж, зуны дэлгэр цагаар голын тохойд шумбаж, морь унан хатируулж, уул хадаар жимс сонгино түүж, зуны бороотой өдрүүдээр тэрлэгээ гандтал дуулж явсан хүүхэд нас минь.

Хангайн уулнаа буга урамдаж, зүр гур эрхлэн наадахыг, хадан цохионд чоно улихад хариуд нь аргамжаатай морь цочин унгалдахыг, хажуугийн улаан тошин дээр хашир бурхи сэмхэн гозойж, хаа нэгтэйгээс шувууд зэллэн нисэхийг харж баяссан хангай минь.

Эргэх дөрвөн цагийн эргэлтэд аж төрөн суугаа нутгийн зон олон хийгээд зорин ирэгч хүн бүхнийг ундаалан тэтгэгч, идээ будаа арвинтай, үр жимс, ус ундаргын эх болсон сэрүүхэн хангайдаа зуны өдрүүдийг өнгөрөөж сэтгэл хорогдон буцлаа.










Холбоотой мэдээ