Коронавирусээр халдварлаад эдгэрсэн 226 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 678 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Манай улсад коронавирусний 301 тохиолдол бүртгэгдсэнээс 295 хүн буюу 98 хувь нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс 29 хүн сувиллын ажиглалтад байгаа бол 40 хүн гэрийн ажиглалтад, 226 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.
Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д коронавируст халдвартай зургаан хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдал хөнгөн байна. ХӨСҮТ-д нийт 27 хүн ажиглалт, тандалтад байна.
Өчигдрийн шинжилгээнд 8 дугаар
сарын 29-нд Сиднейгээс ирсэн
261, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 44 жолооч, эмч ажилчид
гурван хүний шинжилгээ багтжээ. Мөн 8 дугаар сарын
11-нд Прагаас ирсэн 248, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан
34, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг, тусгаарлан ажиглах байранд
тусгаарлагдсан 87 хүнд давтан шинжилгээ хийхэд халдваргүй гарчээ.
С.Туул