Бага насны хүүхдийн суурь эмгэгийг илрүүлэх үзлэг, сургалт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-08-31 15:15:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй “COVID-19” халдварын үед хүүхдийн хоол тэжээлийн тусламжийн тасралтгүй байдлыг хангах, хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх, эмчлэх” сэдэвт дадлага сургалтыг 2020 оны 7 дугаар сарын 1-нээс энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулжээ.

 

Хүүхдийн өсөлт, хөгжлийн хэмжилтийг зөв хийх, хоол тэжээлийн цочмог дутагдалтай хүүхдийг илрүүлэн, эмчлэх, хооллолтын зөвлөгөө өгөх арга барилд сургах зорилготой энэхүү сургалтад Хүүхдийн сэргээн засах төв, нийслэлийн зургаан дүүргийн 119 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, нийгмийн ажилтан зэрэг нийт 1200 гаруй хүнийг хамруулж, чадавхжуулсан байна.

 

Энэ онд нийслэлийн хэмжээнд тав хүртэлх насны 600 гаруй хүүхдийг эрүүлжүүлэлт, чийрэгжүүлэлтэд хамруулжээ. Бага насны хүүхдийг хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх, суурь эмгэгийг эрт илрүүлж, эрүүлжүүлэх нь тав хүртэлх насны хүүхдийн урьдчилан сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах чухал ач холбогдолтой юм.

 

Цаашид төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдээс гадна цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг гэрээр очиж үзлэгт хамруулах бөгөөд өрх, тосгоны болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг, хүүхдийн сэргээн засах төвөөр дамжуулан эмчилгээнд хамруулах, шаардлагатай тоног төхөөрөмж, эмчилгээний бэлэн хоолыг олгохоор ажиллаж байгаа аж.


Холбоотой мэдээ