Эмгэг судлалын салбарын хөгжлийг ахисан түвшинд гаргахад бодлогоор дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмгэг судлалыг хөгжүүлэхгүйгээр эрүүл мэндийн салбар хөгжиж байна гэж хэлэхэд дутагдалтай бөгөөд хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлэх нь чухал гэдгийг өнөөдрийн хамтарсан уулзалтын үеэр онцлов.
Тэрбээр эмнэлгийн
тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний
төвүүдийн үйл ажиллагааг тогтолцооны түвшинд буюу нэгжээс нь лавлагаа шатлал
хүртэл харилцан уялдуулах, нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулах
зорилгоор өнгөрсөн сарын 26-наас лавлагаа шатлалын эмнэлгүүдийн
одоогийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хамтарсан цуврал уулзалт зохион байгуулж буй юм.
Өнөөдрийн уулзалтаар Эмгэг судлалын үндэсний төвийн захирал,
АУ-ны доктор, клиникийн профессор Г.Уянга тус төвийн хөгжлийн хөтөлбөрийг
танилцууллаа.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Эрүүл мэндийн салбарын ялангуяа нотолгоонд суурилсан
анагаах ухааны чухал салбаруудын нэг нь эд эс, эмгэг судлал юм. Эмгэг судлалыг хөгжүүлэхгүйгээр бид эрүүл мэндийн салбар хөгжиж байна гэж
хэлэхэд дутагдалтай бөгөөд хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлэх нь чухал. Хөгжлийг үнэтэй тоног төхөөрөмж, шинжилгээгээр
хязгаарлаж ойлгож болохгүй. Эд эс, эмгэг судлалыг хөгжүүлснээр онош буруу тавих
мэргэжлийн алдаанаас сэргийлэх, цаг алдалгүй эмчилгээ, үйлчилгээг эхлүүлэх
боломжийг бүрдүүлэх, ард иргэд гадаад руу шинжилгээгээ баталгаажуулах гэж
зорчих хөдөлгөөнийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой. Эмгэг судлалын энэхүү тогтолцоог өөрчилж, сайжруулахгүй бол
тодорхойгүй зүйл их байна. Жишээ
нь, эмнэлгүүдээс эд эсийн
шинжилгээ авах, сорьцыг ЭСҮТ-д илгээх, шинжилгээний хариуг хүргэхдээ ямар урсгал, системээр явахыг
тодорхойлох, шинжилгээний эцсийн дүгнэлтийг хэн, лаборотори эмнэлгийн уялдаа
холбооны зураглалыг тодорхой болгох нэн шаардлагатай. Өнөөдөр үйлчлүүлж
буй ард иргэдэд саванд нь шинжилгээг нь хийж өгөөд нэг газар руу өгчих гээд
явуулдаг эмнэлгүүд ч байна. Тиймээс бидэнд шийдэх,
боловсронгуй болгох олон ажил байна. ЭСҮТ-д энэ тогтолцоог нэгжээс нь эхлээд
цогцоор нь харах, боловсронгуй болгох эрх, бас үүрэг нь бий. ЭМЯ-наас бодлогоор дэмжинэ. Харин
ЭСҮТ ойрын хугацаанд хөгжлийн төлөвлөгөө, тэргүүлэх чиглэл, нэн тэргүүнд
шийдвэрлэх асуудлаа хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг тусган хэлэлцэж, шаардлагатай
тулгамдсан асуудлаа тодорхой болгох
хэрэгтэй” хэмээв.