Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн ажилтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-08 16:49:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нар Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн ажилтай танилцлаа. 

Энэ үеэр болсон уулзалтын үр дүнд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар паркийн өргөтгөл 130 га газрын ерөнхий төлөвлөлт болон цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Налайх дүүргийн барилгын материалын үйлдвэрлэл, технологийн цогцолбор парк нь барилгын материалын салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих юм. Мөн орчин үеийн  үйлдвэрийн дэд бүтэц, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн үйлдвэрлэл, технологи, худалдаа үйлчилгээг хөгжүүлэн, Монгол Улс, төвийн бүс, нийслэл хотын эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах юм гэдгийг паркийн дарга С.Батжаргал хэлж байв.


Өнөөдрийн байдлаар Налайх дүүргийн барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт  хаягдал хөнгөн цагаан боловсруулах "Пийс Стийл Групп" ХХК-ийн үйлдвэр ажиллаж байна.

Холбоотой мэдээ