Шүдний өвчлөл буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-08 18:09:02

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт хүүхдийн шүдний өвчлөл буурчээ. Учир нь өнгөрсөн жил эрүүл шүд аяны хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгээс хэд хэдэн ажлыг зохион байгуулж цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчлүүлсэн нь үр дүнгээ өгчээ.

Мөн шүдний эрүүл ахуйн талаарх зөвлөгөө өгөх, сайн туршлага судлах 10 хоногийн аяныг хүүхдүүдтэй хамтран зохион байгуулсан нь мөн үр дүнгээ өгсөн. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, зарим хувийн эмнэлгүүдтэй хамтран Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн 4100 гаруй хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын 1200 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Энэ үеэр хүүхдүүдийн 65 хувь нь шүдний өвчлөлтэй гарч, эрүүлжүүлэх ажлыг сүүлийн хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан. Энэ ажлыг улиралд нэг удаа зохион байгуулснаар Улиастай сумын сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүдний өвчний эрүүлжилт сайжирсан. Түүнчлэн нэр бүхий хоёр шүдний эмнэлэг хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй оношилж эмчилсэн гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.

Өнгөрсөн хагас жилийн статистик мэдээллээс харахад хүүхдийн шүдний өвчлөл 40.7 хувиар буурсан байна. Энэ жил гэхэд шүдийг өвчилсөн хойно нь биш, харин урьдчилан сэргийлэх эмчилгээг хүүхдүүд их хийлгэсэн байгаа нь сайшаалтай юм. Шүдний эрүүл ахуйн талаарх олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулснаар өдөрт эмчилгээ үйлчилгээ авдаг шүдний өвчлөлийн хувь хэмжээ, иргэдийн тоо буурсан гэж шүдний эмч нар мэдээлж байна. 

Холбоотой мэдээ