Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах түр байр стандарт шаардлагад нийцэхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг энэ сарын 7-9-нд Ховд аймагт ажиллаж байна.
Тус ажлын баг Ховд
аймаг дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, хамгаалах
байрны орчин, бэрхшээл, тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ, хяналт шалгалт
явуулав.
Тус аймагт шинээр
барьсан Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах түр
байр нь одоогоор хүний эрхэд ээлгүй, зориулалтын бус барилгын зураг төслөөр
барьсан, хохирогчийн аюулгүй байдал, хамгаалалтын стандарт шаардлагад нийцэхгүй
байна гэж мэргэжилтнүүд үзлээ. Улмаар шалгалтын хүрээнд Ховд аймаг дахь
хамтарсан багийн гишүүдтэй уулзаж, мэдээлэл солилцов.
Мөн ШШГЕГ-ын харьяа
Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаатай танилцав. Улмаар тус
газрын харьяа Хорих 457 дугаар ангид ял эдэлж байгаа хүмүүсийн амьдрах орчин
нөхцөл, ундны цэвэр ус, хоол хүнсээр хангагдах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах,
эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, гадаад ертөнцтэй харилцах, мэдээлэл авах
болон эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ.
Тус ангийн байр нь
цэргийн ангийн зориулалтаар баригдсан, хуучны барилга юм. Нээлттэй, хаалттай
хорих ангийн үйл ажиллагааг явуулах ёстой. Гэвч өнөөдөр тус ангийн байрны
багтаамж, хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зөвхөн нээлттэй ангийн үйл ажиллагаа явуулж байна гэж Хүний эрхийн үндэсний комиссын ажлын баг мэдээллээ.