“Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-09 20:11:19

Архангай /МОНЦАМЭ/. Монголбанкнаас санаачлан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн зөв зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг эхлүүлж байна.

Аяны хүрээнд Монголбанкны төв, орон нутаг дахь салбар, хэлтэс, арилжааны банкууд хамтран иргэдэд мөнгөн тэмдэгтийн соёлтой, зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ.

“Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяны хүрээнд Архангай аймаг дахь Монголбанкны салбар, Хас, Голомт банкны ажилтнууд хамтран Цагаан давааны овоонд тавьсан мөнгө болон ойр орчмын хогийг цэвэрлэжээ.

Мөн ХААН банкны Архангай салбар иргэд олноор цуглардаг, мөнгө их тавьдаг газруудад QR код бүхий самбарыг байршуулах, Төрийн банкны салбар уул, овоонд тавьсан мөнгөн тэмдэгтийг цэвэрлэх, зүй зохистой хэрэглээг сурталчлан таниулах зэргээр хамтран ажиллаж байна.

Судалгаагаар монгол төгрөгийн насжилт дунждаар 3.8 жил байгаа нь дэлхийн бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. Иргэд мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэдэггүй, хэтэвч ашиглахгүйгээр, халаасандаа олон нугалж хийдэг, түүнчлэн бага мөнгөн тэмдэгтийн хувьд төлбөрийн хэрэгсэл гэхээсээ илүүтэй бурхан тахил, уул овоонд өргөх байдлаар зүй бусаар ашигладаг зэрэг нь төгрөгийн насжилтыг багасгах үндсэн шалтгаан болдог байна.

Төв банк /Монголбанк/-ны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг таниулах, мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэрлэх нь гэмт хэрэг болох талаар, бохирдсон хуучирч муудсан мөнгөн тэмдэгт нь гараас гарт дамжихдаа элдэв нян бактер түгээх эрсдэл дагуулж байдгийг сэрэмжлүүлэх, мөнгөн тэмдэгтийг сүсэг бишрэл, зан үйлийн зорилгоор агуйд тавих, юм зурах бичих зэрэг зүй бус хэрэглээг таниулан ажиллах юм.

Иймд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг улс үндэстний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, үнэт цаасных нь хувьд зүй зохистой ашиглахыг уриалж, олон нийтэд сурталчлан таниулахад уг аяны үндсэн зорилго оршиж буй юм.

Холбоотой мэдээ